С.Чинзориг: Капитал банкинд мөнгө нэмж байршуулаагүй

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг Нийгмийн даатгалын сангийн мөнгөн хөрөнгийг Капитал банкинд байршуулсан тухай мэдээлэл цацагдсан билээ. Тэгвэл уг мэдээллийг үгүйсгэж, ХНХ-ын сайд С.Чинзориг өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэрбээр "Намайг сайдаар томилогдох үед Капитал банкинд 228.1 тэрбум төгрөг байсан. Үүнээс 20 тэрбум нь хадгаламж байсан. Би ажлаа авснаас хойш Капитал банкинд нэмж хөрөнгө байршуулаагүй. Капитал банкинд байршуулсан  79 тэрбум төгрөгийн гэрээ дууссан учраас буцааж татахаар шийдвэрлэсэн. Харин УИХ-ын Байнгын хорооны чиглэлээр 2018 оны зургадугаар сард хадгаламж үүсгэж хадгалуулах шийдвэр гаргасан. Тухайн үед  Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос Н.Номтойбаяр гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг байгуулж шалгалт хийсэн. Ажлын хэсгийнхний дүгнэлтийг  байнгын хороогоор хэлэлцэж, чиглэл гарсан. Тиймээс Капитал банктай мөнгө байршуулах гэрээгээ сунгасан. Энэ гэрээний хугацаа 2018 оны арванхоёрдугаар сард дууссан. Үүнээс хойш мөнгийг буцааж татах талаар шаардлага шүргүүлж явсаар байтал Капитал банк дампуурсан юм. Одоо үндсэн хөрөнгийг авах талаар холбогдох байгууллагууд ажиллаж байна" гэв. 

Түүнчлэн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн зээлийн асуудалтай холбогдуулан тайлбар хийлээ. Тэрбээр "АТГ-аас албан бичиг ирсэн. Зээл олгохдоо үнэлгээний хорооры хурал хийгээгүй, эрх мэдлээ урвуулан ашигласан тухай мэдээлэл ирсэн учраас Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газрын дарга Нямдаваа нарыг албан үүргээс нь түдгэлзүүлэх талаар албан бичиг ирсэн. Энэ асуудлыг хууль хяналтын байгууллагууд шалгаж байгаа" гэсэн юм.

Сэтгэгдэл бичих