"Монголын кино өдрүүд" Бээжинд эхэллээ

Монгол Улс, БНХАУ дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй “Монголын кино өдрүүд” Бээжин хотноо өчигдөр нээлтээ хийлээ.

Монгол Улсад сүүлийн дөрвөн жилд бүтээсэн 90 киноноос 12-ыг сонгон БНХАУ-ын Соёлын яаманд хүргүүлснээс “Алсын удирдлага” (2015), “Итгэл” (2017), “ТҮЦ-ний охид” (2017), “Халуун зүрх” (2019) зэрэг киног гаргахаар болсон байна.  

“Монголын кино өдрүүд 2019”  нээж БСШУСЯ-ны Соёл, урлагийн бодлогын газрын дарга Б.Сэргэлэн хэлэхдээ, Монгол Улс, БНХАУ-ын хооронд “Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх тухай тунхаглал”-ын хүрээнд манай хоёр улс Соёлын өдрүүдийг харилцан зохион байгуулж ирсэн уламжлалтай. Энэхүү кино өдрүүдээр олон улсын кино наадмуудаас шагнал хүртсэн монгол кинонуудаар эргэн уулзаж буйдаа туйлаас баяртай байна. Кино урлагаараа дамжуулан өөрийн улс үндэстэн, ард түмний түүх, соёл, хөгжил дэвшлийг дэлхийд таниулж, кино урлагийн хөгжилд өөрсдийн өнгө төрхийг тодорхойлж чадсан арвин туршлагатай та бүхэнтэй хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ гэдэгт итгэлтэй байна" хэмээн онцолсон байна.

БНХАУ-ын Кино, архивын газрын дэргэдэх кино театрт  Монголын кино өдрүүдийг нээсэн бөгөөд  “ТҮЦ-ний охид” киног өчигдөр гаргажээ. Өрх толгойлсон, ганц бие эмэгтэйчүүдийн нийгмийн асуудал, эрхэлж буй жижиг бизнес, тэдний өмнө тулгамддаг асуудлуудыг харуулсан уг кино нь найруулагч Д.Галбаярын бүтээл юм. Өнөөдөр найруулагч С.Бямбын “Алсын удирдлага” (2015), найруулагч Б.Гарамхандын “Итгэл” кино гарах юм байна.

Сэтгэгдэл бичих