Б.Лакшми: Оюутолгой яагаад ч зогсож болохгүй төсөл

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн захирал, эдийн засагч Б.Лакшмитай ярилцлаа.

-Сүүлийн үед эдийн засаг төдийгүй монголчуудын ярианы сэдэв Оюутолгой боллоо. Ялангуяа энэ төслийг үргэлжлүүлэх үү гэдэг дээр ч асуудал очиж магадгүй эрсдэл тулгарч байна. Ямар ч гэсэн УИХ-аас Засгийн газарт чиглэл өглөө. Та энэ үйл явцыг юу гэж харж байна вэ?

-Энэ жил Оюутолгойн гэрээнд гарын үсэг зурсны 10 жилийн ой тохиож байгаа. Оюутолгой бол яагаад ч зогсож болохгүй төсөл. Бид анх удаа барууны хөрөнгө оруулагчидтай бие дааж гэрээ хийсэн болохоор мэдэхгүй зүйл байсныг үгүйсгэхгүй. Гэвч гэрээ бол гэрээ. Хэлснээ хийдэг байж итгэл хүлээнэ. Бид зөвхөн 34 хувьтай зуралдаад хэрэггүй. Цаана нь 66 хувийн асуудал байгаа. Хөрөнгө оруулагчдын, санхүүжүүлэгч банкуудын эрх ашиг гэж байгаа. Монголын тал хөрөнгө оруулалтын гэрээний үүргээ биелүүлэхгүй байна гэж үзвэл үүсэж болох нөхцөл байдлыг авч үзье. Үүнд нэгдүгээрт, Нөгөө тал төслөөс гарч 66 хувийг манайд худалдаж авах “санал” тавьж болох юм. Харин худалдаж авч чадах эсэхт та өөрөө хариулах гээд үзсэн дээр байх. Энэ бол зөөлөн арга нь. Хоёрдугаарт, төслөөс гарч Лондонгийн арбитрт өргөдөл гаргана. Оруулсан хөрөнгө оруулалт, ирээдүйд олох байсан ашгаа нэхэмжлэнэ. Бид ялж чадах уу, үгүй юү. Та өөрөө хариулах гээд үз. Өөрөөр хэлбэл Оюутолгой бол манайд итгэсэн барууны том итгэл. Мэдээж зарим талаараа дутагдалтай байж мэднэ. Гэхдээ энэ бол дараа дараагийн том төсөл хэрэгжих суурь. Төсөөлөөд үз дээ, Монголд Оюутолгой шиг 5 – 10 төсөл хэрэгжиж байна гэж. Тэр үед хэн ч Оюутолгойн талаар дурсахгүй. Бүгд л завгүй ажиллацгаах болно.

-Дубайн гэрээтэй холбоотой шүүхийн шийдвэр асуудлыг бүр ч хурцдуулсан гэж харах хүмүүс байна?

-Дүр зургийг томоор нь харах хэрэгтэй байх. Амьдрал бол ганц гэрээ шийдвэрлээд болчихдог бол сүүлийн 30 жилд ядуурлыг бууруулах ганц тогтоол гаргаад болох байсан биз. Тиймдээ ч бид ажилгүй ганц гэрээний зөв бурууг яриад ажилгүй ядуу улс хэвээр байна. Олон улсын тавцанд манайх хэлсэн ярьсандаа байдаггүй нэг тийм бүдүүлэг улс шиг харагдах байх даа.

-Иймэрхүү байдлаар хөрөнгө оруулалтдаа хандвал цаашид юу өрнөж болох вэ. Эрсдэлүүдийг нь судлаач хүний хувьд юу гэж харж байна вэ?

-Хамгийн түрүүнд төгрөгийн ханш сулрахад нөлөө үзүүлнэ. Төгрөгийн ханш суларснаар өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өснө гэсэн үг. Ажлын байр нэмэгдэхгүй . Тэгээд үүнтэй холбоотой өрхийн орлого нэмэгдэхгүй, харин ч буурна. Яг одоогийн байдлаар хот хөдөөгүй ажилгүй хүний тоо хэчнээн байгаа билээ. Одоо ажилтай байгаа хэд нь ажилгүй болвол ямар дүр зураг биднийг хүлээх вэ гэдгийг та бүхэн мэдэж байгаа байх. Дараагийн гарах эсрдэл зээлжих зэрэглэл буурна. Ингэснээр хөрөнгө оруулалт босгоход хүндрэлтэй, илүү үнэтэй эх үүсвэр, зардалтай болно гэсэн үг. Гадаадын хөрөнгө оруулалт орж ирэхгүй бол зээлийн хүү өсөх нэг шалтгаан болно. Таван Толгойг эдийн засгийн эргэлтэнд оруулах буюу IPO хийх гэж байгаа энэ үед Монгол Улсад хэн итгэж хувьцааг нь авах вэ?

Монгол Улсыг FATF саарал жагсаалтад оруулсан. Саарал жагсаалтад оруулсан бодит шалтгаануудыг та юу гэж харж байна?

-FATF гэдэг байгууллага нь мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх асуудлыг харж хянадаг байгууллага.

Саарал жагсаалтад орсон гол шалтгаан нь 2016 оноос хойш бид юу ч хийсэнгүй, хоорондоо хэрэлдэж сандал ширээ булаацалдсаар өнгөрлөө. Монгол улсад терроризмыг санхүүжүүлэх, тэмцэхтэй тогтолцоо, хууль эрх зүйн орчин хангалтгүй байна.

Хууль байдаг боловч хэрэгжилт болон үүнтэй холбоотой хариуцлага тооцох механизм нь тодорхой бус. Энэ бол цэвэр хариуцлагын асуудал үүнээс манайд ямар юмных нь терроризм байхав дээ зүгээр журмын дагуу бичиг цаасаа боловсруул тэгээд хэрэгжүүлээрэй л гэдэг шалгуур. Мөнгө угаах, терроризмтэй тэмцэх асуудал бол зөвхөн манайд зориулж яригдаж байгаа асуудал биш гэдэг нь ойлгомжтой. Энд хар тамхины наймаа, бохир мөнгө угаах, цаашлаад алан хядах ажиллагааг санхүүжүүлж байгаа схем ч тодорхой болоод байгаа. Жишээ нь, Ливанаас европ руу оруулж байгаа хар тамхи эргээд хуучин машин, үнэтэй цаг, алтан эдлэл зэрэг бараа болон хувирч өөр оронд хар зах дээр зараад эргээд банкаар дамжин цэвэр мөнгө болж терроризмыг санхүүжүүлж байгаа тухай яригдаад эхэлсэн. Гэтэл манайд сүүлийн үед хар тамхины асуудал чих дэлсэх болоод нэлээд хугацаа болж байх жишээтэй. Тэхээр энэ мэт зүйл ч манайд болж байж магадгүй, эсвэл ийм ажиллагаанд өртөж болзошгүй гэдэг утгаараа манайд урьдчилан сэргийлэх шаардлага тавьж байж болох л юм гэдэг өнцгөөс харах хэрэгтэй.

-Саарал жагсаалтаас гарах хугацаа, боломж нь юу байх вэ?

-Хийх ёстой ажлуудын жагсаалт, тодорхой хугацаа гаргаад өгсөн байгаа. Тэдгээр ажлуудыг хийснээр ахиц гарна байх.

Олон улсын гишүүн оролцогч юм чинь дүрмийн дагуу л ажиллах ёстой. Тэгээд л болоо. Жишээ нь мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй холбоотой хариуцлага оногдуулахаас зайлсхийхээс урьдчилан сэргийлэх чиглэлээр эрх бүхий байгууллагуудын уялдаа холбоо, хамтын ажиллагааг хангах, сайжруулах ажлыг 2020 оны есдүгээр сар гэхэд хийх ёстой.

Мөн хилээр мэдүүлээгүй эсвэл худал мэдүүлсэн мөнгөн  тэмдэгтийг хурааж авах, битүүмжлэх үйл ажиллагааг үргэлжлүүлэх, гаргасан зөрчилд нь дүйцэхүйц, дахин үйлдэхээс урьдчилан сэргийлсэн шийтгэл оногдуулах арга хэжээг 2021 оны нэгдүгээр сар гэхэд хийх ёстой.

-Саарал жагсаалт, зээлжих зэрэглэл, удахгүй ОУВС-ийн хөтөлбөр дуусна. Тэгэхээр ирэх онд дотоодын эдийн засгийг хэрхэн харж, дүгнэж байна вэ?

-Энэ жилийн хувьд нэг томоохон ажил хийгдсэн. Тэр нь бол татварын багц хуулийг баталсан. Бүхий л төрлийн бизнес эрхлэгчид жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдээс томоохон ААН татвар төлөлтийг үе шаттайгаар бууруулж, татвар төлөлт мөн хөнгөлөлтийн асуудлыг тодорхой зааж өгсөн. Шудрагаар татвар төлдөг иргэн, ААН-үүдэд олон боломж олгосон. Энэ татварын хууль 2020 оноос хэрэгжиж эхлэнэ. 2020 оны эдийн засгийг гадаад, дотоод хүчин зүйлсээс хамаарч харах хэрэгтэй. Дотоод хүчин зүйл гэвэл сонгууль. Сонгуулийн үр дүн ямар байхаас хамаарч хөрөнгө оруулалт хийгдэнэ. Тийм болохоор эхний зургаан сар дорвитой том хөрөнгө оруулалт өөрчлөлт гарахгүй. Гадаад хүчин зүйл гэвэл АНУ болон БНХАУ-ын хоорондын худалдааны дайн ямар байхаас ихээхэн шалтгаална. Энэ оны эцсээр БНХАУ-ын эдийн засгийн өсөлт буурсан үзүүлэлт гарсан. Энэ нь тодорхой хэмжээнд нөлөөлөөд  эхэлсэн байх шиг байна. Мөн түүнчлэн өрийн асуудал байгаа. 2021 он хүртэл зөвхөн хүүгийн төлбөрөө төлж байгаа. Тийм болохоор 2020 оны эдийн засаг нилээн хүнд байх болов уу даа. Одоо валютын ханш нэлээн өсөж байна.

-Хятад, АНУ-ын худалдааны дайн дэлхийн эдийн засагт нөлөөлж байна. Бидэнд ч гэсэн эрсдэл дагуулж болзошгүй. Тэгэхээр ирэх жил, дараагийн томоохон өр төлөх жил гээд эдийн засгийн ямар хүндрэл, сорилт, дэвшил биднийг хүлээж байна вэ?

-Худалдааны дайн бол зөвхөн хоёр улсын хоорондох асуудал биш. Дэлхий нийт анхаарлаа хандуулж байна. Бид дэлхийн нэг хэсэг. Ялангуяа манайх шиг экспортын хамааралтай улс. Ямарч муу зүйлйд бас сайн тал байдаг. Энэ худалдааны дайн ч мөн адил. Хятадад эдийн засгийн бүтцээ өөрчлөх, шинэчлэх хандлага гарч байна. Экспортонд суурилсан эдийн засгаас хэрэглээнд суурилсан загвар руу. Экспорт буурахаар дотоод үйлдвэрлэлээ танаж гадагшаа хөрөнгө оруулалт ихээр хийх байх. Эрчим хүч, дэд бүтцийн хувьд бүс нутагтаа ингеграцид орох нь бас л чухал асуудал. Эндээс бид өөрийн боломжоо гаргаж авах хэрэгтэй мэт санагдаж байна. Өндөр технологи шаардсан салбарт хятадыг болон бусад хөгжингүй орнуудыг хамтад нь оролцуулах тийм бизнесийн төслийг бид өөрсдөө санал болгох учиртай. Монгол улсын эдийн засгийн хувьд хамгийн том сорилт бол төгрөгийн ханшийн сулрал байх болов уу гэж харж байна. Гэхдээ Таван Толгой олон улсын хэмжээнд ажилттай арилжиж чадвал сорилтууд арай бага байх болов уу.

-ОУВС-ийн хөтөлбөрийн хүрээнд банкны салбар дээр асуудлууд бий гэж хэлж буй. Тэгэхээр бид энэ хөтөлбөрийг амжилттай дуусгах боломжтой гэж та харж байна уу?

-ОУВС-ийн хөтөлбөрийг бид анх удаа хэрэгжүүлж байгаа юм биш. Өмнө нь ч нилээн хэдэн удаа амжилттай хэрэгжүүлсэн туршлагатай. Тэгэхээр хүсэл эрмэлзэл байвал амжилттай хэрэгжүүлж чадна. Гэхдээ зөвхөн банкны асуудал биш сая есдүгээр сард хийсэн үнэлгээндээ төсвийн хөрөнгө оруулалтыг багасгаж, 2021 онд эргэн төлөх өрийг дахин мөнгө босгож санхүүжүүлэх бэлтгэлээ хангах хэрэгтэй гэсэн зөвлөмж өгсөн.

-ОУВС-ийн хөтөлбөр ирэх тавдугаар сард дуусгавар болно. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд хэрэгжүүлсэн төсвийн сахилга бат, банк санхүүгийн салбарт хийгдэж буй ажлуудыг үргэлжлүүлэх боломж бий юу. Ялангуяа саяхан баталсан 2020 оны төсөв сонгуулийн төсөв боллоо, сахилга батгүй болсон гэх шүүмжлэл дагуулсан?

-2020 оны төсөв батлахдаа төсвийн хөрөнгө оруулалтыг ихээр тэлсэн, маш өөдрөгөөр баталсан. Мэдээж төсвийн зарлагыг нэмэгдүүлсэн болохоор тэр хэмжээний орлого орох ёстой. Эдийн засгийн өсөлтийг 6 хувь, инфляцийг 8 хувиар авч үзсэн байсан. Хамгийн ихээр орж ирэх орлогыг татварын орлого бүрдүүлж байна лээ. Мөн уул уурхай. Нүүрсний экспортыг 42 сая тонноор төсөвлөсөн.

-Бид жил бүр төсвөө батлахдаа зөвхөн хөрөнгө оруулалтад түлхүү анхаардаг. Суманд сургууль, цэцэрлэг, соёлын төв барих гээд. Тиймээс ч зардал өссөөр ирсэн. Зардлуудыг бууруулах чиглэлээр бодлогын арга хэмжээ, реформ хийх ёстой гэж зарим хүн үздэг. Жил бүр төсвийн зардал нэмэгдэж байгааг та юу гэж дүгнэж байна вэ?

-Төсвийг батлахдаа бид үр ашгийг нь сайн харах хэрэгтэй. Зүгээр нэг гаргаж байгаа зардал биш. Энэ чинь эдийн засгийн үр ашгаа өгч ажлын байр нэмэгдүүлэх учиртай. Харин соёлын төв өргөө зэргийг их хэмжээгээр барьж байгаа нь ямар ч үр ашиггүй зардал харагдаж байна. Соёлын төв барьснаар өнөөдөр тэр суманд хэчнээн ажлын байр бий болох уу? Халаалт, ус, цахилгаан зэрэг урсгал зардлаа даахгүй. Тэгээд хоёроос гуравхан ажлын байр бий болгож байгаа мөртлөө хөрөнгө оруулалт нь тэрбумаар төсөвлөгдөж байна. Мөн барьсан барилга байгууламжаа засаж янзалж байх тодорхой төсөв жил болгоны төсөвт суулгаж байх хэрэгтэй. Тэгэж байж барилга байгууламжийн ашиглах хугацаа, насжилт уртсах болно. Барьж байгуулснаа засаж тордохгүй, байнга л нурааж шинээр барина гээд байж болохгүй.

-Нөгөө талаар зарлага нэмэгдэхийн хэрээр орлогоо нэмэгдүүлэх шаардлагатай. Гэвч бид уул уурхайгаас өөрөөр орлого нэмэгдүүлэх, эдийн засгаа төрөлжүүлэхэд анхаарлаа хандуулахгүй байх шиг. Уул уурхайгаас өөрөөр ямар салбаруудад түшиглэн орлогоо нэмэгдүүлэх боломжтой байна вэ?

-Эдийн засгаа төрөлжүүлэхэд бидэнд зайлшгүй хөрөнгө мөнгө хэрэгтэй. Тэгэхээр бид уул уурхайгаас орж ирж байгаа хөрөнгө мөнгийг эдийн засгаа төрөлжүүлэхэд ашиглах хэрэгтэй байна. Эдийн засгаа төрөлжүүлэхэд гагцхүү бодлого мөн урт хугацааны хэрэгжүүлэлт чухал. Мянга гоё бодлого гаргаад тэрийгээ урт хугацаанд хэрэгжүүлж чадахгүй бол ямарч үр дүн өгөхгүй. Хөдөө аж ахуй, мал аж ахуй г.м олон боломжууд байна. Харамсалтай нь урт хугацаанд, үе шаттай төлөвлөгөө хэрэгжүүлэхгүй бол үр дүнгүй байх болов уу.

-Дэлхийн нийтээр технологийн хөгжил, технологид суурилсан хөрөнгө оруулалтуудад анхаарлаа хандуулж байна. Технологийн хөгжилтэй холбоотой олон мэргэжил үгүй болж, хүний оролцоо багасч, цахим хэлбэрт шилжиж байна. Тэгэхээр цаашид эдийн засгийн хөгжлийн тулгуур юу байх вэ, юун дээр бид анхаарах ёстой вэ?

-Технологийн хөгжил нь Монгол Улсын хувьд зөв ашиглаж чадвал харин ч эсрэгээрээ олон давуу тал авчирч болох юм шиг санагддаг. Монгол Улс томоохон үйлдвэр барих гэхээр боловсон хүчний ихээхэн хомсдолд орох гээд байдаг. Цөөхөн хүн амтай учир ажиллах хүч дутмаг. Тийм болохоор Монголд ажлын байр алга болохгүй харин ч нэмэгдэх боломжтой. Мөн манай улсын дэд бүтэц сул хөгжсөн. Иймээс бид хатуу дэд бүтэц гэхээсээ илүү технологи ашиглан зөөлөн дэд бүтцээ хөгжүүлвэл сул талаа давуу тал болгож ашиглах боломж бүрдэнэ гэж хардаг. Квантум компьютерын сураг сонсогдож байна. Хиймэл оюун ухаан, блокчейн технологи бодит салбар болж байна.

  Сансар судлал, роботын, эрчим хүчний салбар, автоматчлал зэрэг шинэ шатанд дэвшиж байна гэхчлэн цоо шинэ зүйлс эдийн засгийн суурь ойлголтод орж ирж байна. Энэ мэт салбарт өрсөлдөх боломж үргэлж нээлттэй гэж боддог. Гол нь үүн рүү чиглэсэн төрийн бодлого, бодлого хэрэгжүүлэх механизм, санхүүжүүлэх загвар зэргийг одооноос эрчимтэй анхаарах хэрэгтэй.

Цаг нь тулчихсан. Төсвийн хөрөнгө оруулалтыг ч энэ чиглэлд төлөвлөгөөтэй зарцуулах шаардлагатай. Үүний тулд хуримтлал буй болгох хэрэгтэй. хуримтлалыг одоогийн орлого олж байгаа бодит салбар болох уул уурхайгаас л бүрдүүлэх нь ойлгомжтой доо, уг нь.

эх сурвалж:news.mn

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

з - 64.119.17.702019-11-28 18:04:06

яаах гээд оюу толгойтой зууралдаад байгаа юм амьдрах өөр арга алга уу. харин ч энэ төслийг цуцалбал Монголчуудыг хуурч болохгүй юм байна гэсэн ойлголт төрнө биз дээ. энэ төслийг буруу ашиггүй хийсэн авилгал авсан этгээдүүдийг нэг бүрчлэн зарлаж хатуу шийтгэх хэрэгтэй. өмөөрөөд байгаа этгээдүүдийг мөн адил.

irgen - 202.179.27.332019-11-28 15:21:26

zov zuitee sanal bnaa

зочин - 202.9.44.1092019-11-28 14:46:48

Эдийн засгийн судалгаанй төвийн захирал ийм эдийн засгийн мэдлэгтэй байхад манай улсын эдийн засгийн бодлого яаж зөв явах юм бэ. Эдийн засагч биш надаас эдийн засгийн мэдлэг нь нимгэн байна.

Аааааааа - 182.160.32.2022019-11-28 12:34:24

Энэ гэрээг бидэнд ашигтай шийдэгдэхгүй бол ЦУЦАЛ