Д.Сумъяа, Г.Одбаяр нар хүрэл медаль хүртлээ

    11-р сарын 22-24 өдрүүдэд Японы Осака хотод олон улсын жүдо бөхийн холбооны их дуулга тэмцээн амжилттай боллоо. Энэ удаагийн тэмцээнд манай шигшээ багаас Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр, Д.Сумъяа тэргүүтэй 14 бөх хүчээ сорьжээ. “Осака”-ын их дуулга нь ирэх оны Олимпийн наадмын эрхийн оноо олгох тэмцээнүүдийн нэг юм.

    Тус тэмцээнд манай жүдочид 2 хүрэл медаль хүртсэн байна. Тухайлбал эрэгтэйчүүдийн 73кг-ийн жинд 2017 оны ДАШТ-ий хүрэл медальт, МУГТ Ганбаатарын Одбаяр хүрэл медаль хүртэн шагналын тавцанд гарчээ. Энэ жинд нийт 47 бөх барилдсан бөгөөд манай бөх Бельги, Австри, БНХАУ, Японы бөхчүүдийг ялсан юм. Харин манай бөхийг зооны аваргын төлөө ялсан Японы Соичи Хашимото мөнгөн медаль хүртсэн бол Масаши Эбинүма энэ жинд аваргалжээ.

    Энэ жилийн ДАШТ-ийг өнжсөн МУ-ын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, 2016 оны Олимпийн наадмын мөнгөн медальт Доржсүрэнгийн Сумъяа “Осака”-ын их дуулгын 57кг-ийн жинд зодоглосон. Хагас жил орчим тэмцээн уралдаанд оролцоогүй байсан Д.Сумъяа “B” зоонд багтаж, Кот-д’Ивуар, Румыны бөхчүүдийг ялсан ч Японы Момо Тамаокиг барсангүй. Д.Сумъяа түүнтэй 6 дахь удаагаа таарч, 5 ялагдаад байна. Тамаоки цааш явсаар энэ жингийн ялагч болсон бол Д.Сумъяа дагах барилдаанд Польшийн Арлета Подолак, Японы Харүка Фүнакүбо нарыг ялж, хүрэл медаль хүртжээ.

    МУ-ын Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр, Гавьяат тамирчин М.Уранцэцэг нарын манай бусад бөхчүүд хараахан медальт байранд шалгарч чадсангүй. “Осака”-ын их дуулгад Японы баг нийт 56 медалиас 34-ийг нь авч тасархай тэргүүлжээ. Тэд 14 жингийн 11-т нь аваргалсан бол Франц, ОХУ, Гүржийн баг тус бүр нэг алтан медальтай удаалжээ. Олон улсын жүдо бөхийн холбооны энэ оны сүүлийн тэмцээн болох “World Masters” 12-р сарын 12-14 өдрүүдэд БНХАУ-ын Чиндао хотод болно.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

сүрэн - 103.10.22.382019-11-25 22:51:12

Түвшинбаяр мэт нь одоо болиоч ээ

the beast - 202.21.100.2102019-11-25 15:37:22

manaixan maxan bombognuud boljee yer barildaxgui bariad l zogsood bna yamar sonin judo ve