Б.Бат-Ундрал дэлхийн цомоос медаль хүртсэн анхны монгол хүн боллоо

Silk Way Rally 2019 Дэлхийн цомын аварга шалгаруулах уралдааны мотоциклын төрөлд авто, мото спортын ОУХМ Б.Бат-Ундрал амжилттай оролцож, мөнгөн медаль хүртлээ.

Оролцогчид Монгол, Хятад, ОХУ-ын газар нутгийг дамнасан 5000 км замыг туулж уралдсан бөгөөд тус тэмцээнд манай улсаас 10 хүний бүрэлдэхүүнтэй баг оролцжээ. Б.Бат-Ундрал уралдааныхаа хоёр дахь өдөр ОХУ-ын бартаат замаар явж байхдаа мотоциклоосоо унаж, эрхий хурууныхаа шөрмөсийг тасалсан ч өвдөлтөө тэсвэрлэж барианд орсон түүний хувьд энэ нь хамгийн хүнд сорилт болжээ. Францын эмч нар түүнийг тэмцээнд оролцохыг хориглосон боловч тэрбээр эрсдэл үүрч, үргэлжлүүлэн уралдсан аж.

Сонирхуулахад түүнийг Дэлхийн цомд хурд сориход Husqvarna Mongolia компани хөнгөлөлттэй нөхцөлөөр, шинэ Husqvarna 350 cc endure мотоциклыг ралли тоноглолоор тоноглож өгчээ. Энэ төрлийн уралдаанд оролцоход өртөг зардлын хувьд маш өндөр. Тухайлбал, автомашины төрөлд өрсөлдөж буй тамирчин хамгийн багадаа 200 гаруй сая төгрөгөөр төмөр хүлгээ тоноглодог бол мотоциклын тоноглол 60-90 сая төгрөг шаарддаг байна.

Түүнчлэн оролцогчид бүртгэлийн хураамжид хамгийн багадаа 7000 евро төлдөг бөгөөд тус тэмцээний эмэгтэй оролцогчдод зохион байгуулагчдын зүгээс 4000 еврогийн хөнгөлөлт үзүүлжээ. 

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

Dunhoo - 202.9.46.682019-11-23 09:58:41

Сахал үс, хамар яг сайхан монгол хүн байнаа