Ардчилсан хувьсгалын ойн медалийг ирэх сарын 10-наас олгохоор төлөвлөжээ

    УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар, “Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн медаль бий болгох тухай” тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, дэмжлээ. 

Тогтоолын төслийг УИХ-ын гишүүн С.Эрдэнэ нараас санаачлан, өргөн мэдүүлсэн юм. Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжиж, хувийн болон бусад өмчийн хэлбэрийг хүлээн зөвшөөрч, үг хэлэх, хэвлэн нийтлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөг олгосон Ардчилсан хувьсгалын үнэ цэнийг олонд таниулах, үүнд оролцсон хүмүүсийг алдаршуулах шаардлагатай хэмээн төслийн үзэл баримтлалд дурджээ. Тиймээс энэ онд тохиож буй Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн медалийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар олгохоор тусгажээ. Тогтоолын төслийг Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар дэмжсэн байна. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү, энэхүү шагналыг хэн, хэрхэн олгохыг лавлав. Харин УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, тогтоолын төслийг дэмжиж буйгаа илэрхийлээд, медаль үйлдвэрлэх тоо, хэмжээ, мөн медалийн загварын шалгаруулалтыг тодруулж байв. 

Гишүүдийн асуултад УИХ-ын гишүүн Я.Санжмятав хариулахдаа, Медалийг аймгийн ИТХ, яам, агентлагаас санал дэвшүүлж ерөнхийлөгчийн зарлигаар олгоно гэдгийг дурдаад, энэ нь медаль гэхээс илүүтэй, ардчиллын үнэ цэн, түүхийг бататгах, ирээдүй хойчдоо таниулах ач холбогдолтойг тодотгов. Медалийг энэ оны 12 дугаар сарын 10-наас эхлэн ойн хүрээнд жилийн хугацаанд өрнөх ёслолоор олгоно гэлээ. Нэг медалийг таван мянган төгрөгт багтаан монголд үйлдвэрлэхээр тооцож, нийт 300 сая төгрөг байхаар төлөвлөсөн хэмээв. Медалийн загварыг шалгаруулсан бөгөөд Ерөнхийлөгчийн олгох одон, медалийн шаардлага, стандартад нийцсэн гэдгийг тэмдэглэв. 

Ингээд “Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн медаль бий болгох тухай” тогтоолын төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн 61.9 хувь дэмжив. Тиймээс тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв. 

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

Zochin - 73.168.31.1382019-11-21 23:28:31

Ardchilsan huvisgal bish archilsan hudulguunii oi bailguidee.