Хамгийн үнэтэй цаг худалджээ

Буяны дуудлага худалдаагаар  “Patek  Philippe” цагийг хамгийн их үнээр буюу 31 сая швейцар франкаар (80 тэрбум гаруй төгрөг – ред.,) худалдсан байна. “Гардиан” сонинд ингэж бичжээ.

“Grandmaster Chime 6300A-010” загварын энэ цагийг Женевт болсон буяны “Only Watch” дуудлага худалдаанд тусгайлан зориулж хийсэн байна. Энэ цагийг худалдсан үнэ нь  2017 онд жүжигчин Пол Ньюманы “Rolex Daytona” цагны тогтоосон  17,8 сая долларын өмнөх амжилтыг эвджээ. Олсон бүх мөнгийг Дюшенны булчингийн хатшингаршил өвчнийг судлахад зориулах юм байна.

Цагийг бүтээгчид  түүнд 20 үйлдэл оруулж өгсөнөөс хоёрыг нь дэлхийд анх удаа хэрэглэжээ. Тухайлбал, цаг хоёр нүүр бүхий корпустай бөгөөд нэг нүүр  нь ягаан алт, нөгөө нь хар мод гэнэ.

Энэ загвар гурван сая швейцарь франкаар (8 тэрбум гаруй төгрөг – ред.,) зарагдана хэмээн  дуудлага худалдааны өмнө таамаглаж байжээ. Энэ нь “түүхэн дэх бугуйн хамгийн нарийн хийцтэй цаг бөгөөд кофе чанахаас бусад бараг бүх үйлдэл хийдэг” гэж дуудлага худалдааны “Cristie's” ордны цагны хэлтсийн тэргүүн Сабина Кегель хэлж байжээ. 

Мансууруулах бодисын барон Хорхе Эдуард Костильегийн ”RJ-Romain Jerome” маркийн цагийг 2019 оны наймдугаар сард Мексикт дуудлага худалдаагаар хямдхан худалдсан байна. 2007 оны “Titanic DNA” загварын энэ цагийг 8,7 мянган ам. доллараар  худалдсан бөгөөд ингэхдээ дэлгүүрт ийм цаг 100 мянга орчим ам. долларын үнэтэй байдаг ажээ. 

Б.Атар

Сэтгэгдэл бичих