Цахиурын хөндийн элитүүд хүүхдийнхээ технологийн хэрэглээг ИНГЭЖ хязгаарладаг

Ухаалаг утас, сошиал медиагийн хэрэглээгүйгээр амьдралыг төсөөлөх аргагүй эрин үед бид амьдарч байна. Технологи бидний амьдралд асар олон боломж, хялбарчлалыг авчирсан хэдий ч түүнээс ч их сөрөг нөлөөг үзүүлдэг билээ.

ДЭМБ таваас доош насны хүүхдийн технологийн хэрэглээг нэг цагаас хэтрүүлэхгүй байхыг эцэг эхчүүдэд зөвлөдөг. Мөн тус байгууллагын судалгаагаар наймдугаар ангийн сурагчдын сэтгэл гутралд орох шалтгааны 27 хувь нь сошиал медиаг хэтрүүлэн хэрэглэхээс үүддэг аж.

Дэлхий нийт ч технологийн хэрэглээний хэрэглээтэй тэмцэж эхэлжээ. Тухайлбал технологийг бүтээж, хөрөнгө оруулж, хүн төрөлхтний хэрэглээг хялбарчилж буй цахиурын хөндийн эрхмүүд хүүхдүүддээ ухаалаг утас, таблет, компьютерийн хэрэглээ багатай амьдралын хэв маягийг хэвшүүлэхийг хичээх болжээ. Нэгэн судалгаагаар элит нийгмийнхэн хүүхдээ модон тоглоом эсвэл “амьд” харилцаан дээр суурилсан тоглоомоор хүмүүжүүлэхийг чухалчилдаг бол дундаж болон түүнээс доогуур давхаргын эцэг эхчүүд хүүхдээ сүүлийн үеийн технологитой ойр өсгөдөг болохыг тогтоожээ.

Гурван хүүхдийн аав Билл Гейтс Британийн The Mirror  сонинд өгсөн ярилцлагадаа “Манай том охин нь гар утасны тоглоомоос хэт хамааралтай болж эхэлсэн тул 2007 оноос эхлэн бид хүүхдүүдийнхээ гар утасны хэрэглээг хязгаарласан. Ер нь манайхан гэрэл унтарсны дараа хэн нь ч утсаа оролддогүй. Мөн хоолны ширээний ард утас хэрэглэхгүй байх дүрэмтэй. Бид хүүхдүүдээ 14 нас хүрэхээс нь өмнө ухаалаг гар утас авч өгөөгүй” хэмээжээ.

Гейтс хэдий технологийн эрины гол тоглогч ч гэлээ хүүхдүүдийн технологийн хэрэглээнд хязгаар байх ёстой гэж үздэг. Тэрээр NBC-гийн Today шоу нэвтрүүлэгт оролцохдоо хүүхдүүд 13 наснаас эхлэн утас хэрэглэх нь зохистой гэсэн байна.

Стив Жобс

"Apple"-ийг үүсгэж байгуулагч энэ эрхэм нас барахаасаа өмнө 2011 онд New York Times–т өгсөн ярилцлагадаа “Манай хүүхдүүийн аль нь ч Ipad-ийн шинэ хувилбарыг хэрэглэдэггүй. Бид хүүхдүүдийнхээ технологийн хэрэглээг хязгаарладаг” гэжээ.

"Snapchat"-ын гүйцэтгэх захирал Эван Шпигель болон "Google"-ийн гүйцэтгэх захирал Сундар Пичаи

"Financial Times"-д өгсөн ярилцлагадаа Шпигель болон түүний эхнэр Миранда Кир нар хүүхдүүдээ долоо хоногт 1.5 цагийн хугацаанд л технологи хэрэглэхийг зөвшөөрдөг гэсэн байна. Харин Пичаи New York Times-д өгсөн ярилцлагадаа түүний 11 настай хүүхэд гар утас хэрэглэдэггүй ба зурагт үзэх хугацаанд нь хуваарь гаргаж өгсөн талаар ярьжээ.

Шарк, хөрөнгө оруулагч Марк Кубан Thrive Global Podcast  2017- д өгсөн ярилцлагадаа: “Миний хувьд хүүхдүүдээ нэг цаг ном уншсан тохиолдолд хоёр цаг netflix үзэх эрх олгох шагналын зарчмыг хэрэгжүүлдэг. Мөн дотоод сүлжээнд тусгай рүүтер суурилуулж хүүхдүүд маань ямар апп түлхүү ашигладгийг хянаж, хэтрүүлэн хэрэглэсэн тохиолдолд автоматаар хаадаг” гэжээ.

"3D Robotics"-ийн гүйцэтгэх захирал, 5 хүүхдийн эцэг Крис Андерсон: “Манай  хүүхдүүд эхнэр бид хоёрыг технологийнх нь хэрэглээг хэт хязгаарладаг, хуучинсаг үзэлтэй хэмээн шүүмжилдэг. Харин би технологийн хэрэглээний уршгийг өөрийн биеэр мэдэрсэн болохоор хүүхдүүд маань энэ замыг бүү туулаасай гэж хүсдэг” гэсэн байна.

Хүмүүсийн хүлээлтийг эвдсэн зүйл бол цахиурын хөндийн элит сургуулиуд ердийн сургуультай харьцуулахад технологийн хэрэглээ нь харьцангуй бага аж.

Тухайлбал, Цахиурын хөндийн Mountain View-д байрлах Waldorf ахлах сургуулийнхан “Бид сурагчдыг код бичихэд бус бусдыг хэрхэн хүндэлж, нөхөрсөг харилцах зэрэг уян хатан чадварт сургахыг эрхэмлэдэг” гэжээ.

New york Times-ийн мэдээлснээр бага орлоготой бүсийн ерөнхий боловсролын сургуулиуд технологийн хэрэглээгээ нэмэгдүүлж, багшийн хүрэлцээний асуудалд түлхүү ашиглаж шийддэг гэнэ.

Эх сурвалж: Businessinsider

Сэтгэгдэл бичих