Багш төдийгүй багш оюутан, сурагчид өөрсдийн мэдлэгийг харилцан солилцож шинэ мэдлэгийг бүтээх, өөрийн мэдлэгээ бататгах замаар боловсрол эзэмших цоо шинэ арга барил болох Нээлттэй боловсрол нь манай орны боловсролын салбарын бүх шатанд шинэ боломж нээж байгааг оролцогчид онцоллоо. 

Техник технологи хурдтай хөгжиж байгаа өнөө үед боловсролын салбарт парадигмийн өөрчлөлт хийх шаардлага тулгарч байгаа. Тэгвэл энэ ойлголтыг хүн бүрд ойлгуулахын тулд Нээлттэй боловсролын төвөөс сургалтын нээлттэй эх материал, нээлттэй сурах бичиг, нийтэд зориулсан нээлттэй онлайн хичээлийг бэлтгэжээ. Тэдний танилцуулж буй арга ухаан нь багшийн үйл ажиллагааг уламжлалт хичээл заах хэлбэрээс сурах үйл ажиллагааны дизайнер болгон өөрчлөх нөхцөл бүрдүүлэх юм байна.

Монгол хэл дээр боловсруулсан анхны нээлттэй хичээлийг судалж үзсэнээр нээлттэй боловсролын талаар ойлголт авч, сургалтын эх материал хэрхэн зохиох, зохиогчийн эрхийн шинэ зохицуулалт, суралцах үйл ажиллагааны загварыг хэрхэн зохиох, улмаар нийтэд зориулсан нээлттэй онлайн хичээл хэрхэн бүтээх талаар мэдлэг ур чадвар олж авах боломжтой юм.

Нээлттэй хичээлтэй EdTech компанийн Aplus платформыг ашиглан түгээж эхлээд байна. https://www.aplus.mn холбоосоор танилцах боломжтой.