“Хутгалуулсан” гэх Засаг дарга Х.Болормаа шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй 3 жил гүрийсээр байна


Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа тус дүүрэгт ажиллаж байсан 10-аад хүнийг хууль бусаар хоморголон ажлаас халжээ. “Казино” хэмээгддэг Д.Баттулгын төрсөн дүүгийн эхнэр Х.Болормаа Засаг дарга болонгуутаа өөрийн багаа бүрдүүлнэ гээд тэднийг зайгаа тавьж өг гэсэн байна.

Халагдсан 10 гаруй хүн 2017 оноос эхлэн  Монгол Улсын анхан, дунд, дээд 3 шатны шүүхээр орж, бүх шатны шүүхээс тэднийг хууль бусаар халагдсаныг тогтоож , ажилд эргүүлэх авахыг даалгажээ. Төрийн албаны зөвлөлөөс ч төрийн захиргааны албан хаагчидыг хууль бусаар ажлаас халсаныг тогтоожээ.

Энэ хугацаанд хууль бусаар халагдсан ажилтнуудын талаар төрийн захиргааны байгууллагуудын хоорондоо шидэлцсэн бичиг цаас хэдэн боть номын дайны зузаан цаас болжээ.



Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар болон Нийслэлийн шинэ, хуучин Засаг дарга  нар ч удаа дараа Х.Болормаа, Н.Энхболд нарын нэр дээр мэдэгдэл, шаардах хуудас, хугацаатай албан бичиг өгөөд ч хариу байдаггүй, гүрийжээ. Илжигний чихэнд ус хийсэн ч сэгсэрнэ, алт хийсэн ч сэгсэрнэ болжээ.

 Ийнхүү Монгол Улсын Дээд шүүхийн шийдвэрийг Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа, Тамгын газрын дарга Н.Энхболд нар одоог хүртэл биелүүлэхгүй иргэдийг хохироосоор байна.

Шүүхийн шийдвэрийг тэд ямар ч шалтаг шалтгаан хэлж, асуудал тоочилгүйгээр үг дуугүй биелүүлэх үүрэгтэй.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага бол төрийн нэрийн өмнөөс хуулийг гүйцэтгүүлэх, хэрэгжүүлүүлэх байгууллага. Хүчтэй, чадалтай байх ёстой.  Хүчин мөхөс байж болохгүй байгууллага.

Гэтэл одоог хүртэл Сүхбаатар дүүргийнхэнд дээрэлхүүлж, төрийн төмөр нүүрийг харуулж чадахгүй, 3 жилийн нүүр үзэж байгаа нь хачирхалтай.

Хугацаа заасан албан бичгийнхээ хариуг ч авч чадахгүй суугаа нь тэдний дорой байдал уу, Засаг даргын танхай авир уу?

Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа удаашралтай, шийдвэр гүйцэтгэгчид  байн байн ажлаа сольдог нь иргэдэд маш их чирэгдэл учруулдаг байна. Шинэ томилогдсон хүн эхнээс нь ахиад хэргийг судлах гэж цаг авдаг гээд барагдашгүй олон шалтгаан байдаг юм байна.

Шүүхийн шийдвэрийг биелүүлэх хуулийн хугацаа гэж байдаггүй нь хуулийн гажуудал гэлтэй.

Шүүхийн шийдвэрийн хуулиар  Засаг дарга Х.Болормаад шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй, үл тоомсорлож байгаа тул түүнтэй хариуцлага тооцож, торгох ёстой.

Гэтэл Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Х.Болормаад хуулийн ямар ч харицлага хүлээлгэхгүй, толгойг нь илсээр байна.

 Хэдэн бичиг шидсэн болчоод тэрэндээ найдаад суусаар байтал олон хүмүүсийн амьдрал хохирсоор байгаа бус уу.  Дүлийдээ найдаж унгараг гэгчийн үлгэр болж дээ.



Бас нэгэн баримт :

Сүхбаатар дүүрэг, НШШГГ хоёр эв түнжин муутай, хонь чоно хоёр гэхээр бас үгүй юм аа.  Найрамдлын харилцаа ч бас байдаг бололтой.

2019 онд Сүхбаатар дүүрэг, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт 165,000,000 төгрөгөөр автомашин худалдан авч өгчээ. СБД, НШШГГ-т  машин авч өгөх юуны учир байв. Тэд  үүнийгээ аргалсан байдал нь  СБД гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн гишүүн учир тэрхүү журамт үүргээ ягштал биелүүлж байгаагаар өнгөлөн далдалт хийжээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга А.Намсаманд Нийслэлийн шүүхийн шийдвэрийн дарга Р.Энхтайванд энэхүү халагдсан хүмүүсийн талаарх шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эрчимжүүлж, Засаг даргад хариуцлага тооц гэж албан бичиг хэдхэн хоногийн өмнө илгээжээ.