Майкрософт компани ажлын дөрвөн өдөртэй долоо хоногийг туршиж үзжээ

Майкрософт компани өнгөрсөн наймдугаар сард Япон дахь салбартаа ажлын дөрвөн өдөртэй долоо хоногийг туршиж үзжээ. “Work-Life Choice Challenge” нэртэй уг туршилтад 2280 ажилтан хамрагдсан бөгөөд үр дүнд нь ажилчдын сэтгэл ханамж нэмэгдээд зогсохгүй, бүтээмж нь өмнөх оны наймдугаар сартай харьцуулахад 40 хувиар өссөн үзүүлэлт гарчээ. Компанийн зүгээс баасан гарагийг цалинтай амралтын өдөр болгосон байна. 

Тэд ажлын дөрвөн өдөртэй долоо хоногт уулзалт, хурлын цагийг 30 минутаас хэтрүүлэхгүй байхаар тогтож, мессеж аппликэйшн ашиглан зайнаас ажлаа амжуулж, и-мэйлд хариу бичих цагийг ч багасгажээ. Туршилтад оролцсон ажилчдын 92 хувьд нь ийм ажлын горим таалагдсан хэмээн хариулжээ. 

Майкрософт компани ирэх өвөл ажлын дөрвөн өдөртэй долоо хоногийг дахин туршиж үзэхээр төлөвлөж байгаа аж. Харин энэ удаагийнх шиг цалинтай амралт олгох эсэх нь тодорхойгүй байна.

Сүүлийн жилүүдэд жижиг компаниуд ажлын дөрвөн өдрийг амжилттай туршиж, байнгын горимд шилжүүлэх нь нэмэгдэж байгаа юм. Тухайлбал, Шинэ Зеландын үл хөдлөх хөрөнгө төлөвлөлтийн Perpetual Garden компани 2018 онд хоёр сарын турш долоо хоногийн дөрвөн өдөр ажиллажээ. Үр дүнд нь компанийн 240 ажилтан ажил, амьдралын тэнцвэрт байдал нь сайжирч, анхаарал төвлөрөл нь нэмэгдсэн гэж хариулсан байна. Мөн ажилчдын стрессс 7 хувиар буурсан нь тогтоогджээ. 

Түүнчлэн Harvard Business Review ажлын 8 цагийг 6 болгож багасгах туршилт хийж үзэхэд ажилчдын бүтээж мэдэгдэхүйц нэмэгдэж байжээ. 

Хятадад эсрэгээрээ ажлын зургаан өдөртэй долоо хоногийг туршиж байна. "996" гэж томьёолдог ажлын зарчим буюу долоо хоногийн зургаан өдөр, 09:00-21:00 цаг хүртэл ажиллах хуваарийг Алибаба зэрэг Хятадын томоохон компаниуд мөрдөж байгаа юм.

Сэтгэгдэл бичих