Гитлер баян хүн байсан уу, түүний хөрөнгийг хэн өвлөсөн бэ?

         Олны өмнө даруухан, хянамгай мэт харагддаг Гуравдугаар рейхийн фюрер Адольф Гитлер үнэндээ бол чинээлэг хүн  байснаас гадна, тансаг зүйлсийг үнэлдэг байжээ. Germania.one  сайтад бичсэнээр, 1945 онд Гитлерийг нас барсны дараа  Берхтенсгаден дүүргийн хадгаламжийн кассан дахь түүний дансанд 91,699 рейхсмарк, харин Франц Эерийн хэвлэлийн газарт бас 7 сая орчим рейхсмарк үлдсэн байжээ.  Түүнчилэн тэр үл хөдлөх хөрөнгө буюу  урлагийн бүтээлийн маш том цуглуулгатай байсан байна. Гитлер аажимаар, ингэхдээ янз бүрийн аргаар ийм их хөрөнгөтэй болжээ. Жишээлвэл, тэр  эдийн засгийн хамралын үед  намд өгч байсан мөнгөн хандивыг хувьдаа завшиж байсан байна. Түүнчилэн фюрер огт татвар төлдөггүй байжээ.  Рейхсканцлерын хувиар түүний жилийн орлого нь 60 мянган рейхсмарк байсан бөгөөд 1934 он гэхэд тэр улсад 405,494 рейхсмаркийн өртэй байсан ч, үүнийгээ  төлөөгүй байна.

         Гитлерийн “Майн Кампф” ном түүнд муугүй орлого авчирчээ. 1945 он гэхэд 9,84 сая хувь хэвлэгдсэн байна.  Гитлер амиа хорлохын өмнө бичсэн сүүлчийн захидалдаа бүх хөрөнгөө намдаа, харин урлагийн бүтээлийн цуглуулгыг Линц хотод гэрээслэн үлдээсэн байна. Тэр хүүхэдгүй, харин гэргий Ева Браун мөн нас барсан учир, түүнд шууд өвлөгч үлдээгүй юм.

          Гитлерийг 1956 оны аравдугаар сарын 25-нд  нас барсан хэмээн албан ёсоор үзэж байсан билээ. Дээр дурдсан сайтад бичсэнээр, тэгэхэд түүний хөрөнгийг хууль ёсоор өвлөх хоёр эмэгтэй дүүгийн тухай асуудал хөндөгдөж байсан  ч, тэд огт юу ч аваагүй ажээ.  Гитлер, түүнчилэн  түүний талыг баримтлагч чинээлэг хүмүүсийн хөрөнгийн ихээхэн хэсгийг нацизмд хэлмэгдэгсдэд учруулсан хохирлыг нөхөн төлөхөд зарцуулсан байна.


Б.Атар

Сэтгэгдэл бичих