МЗЭ-ИЙН ШАГНАЛТ,ЯРУУ НАЙРАГЧ В.НЭРГҮЙ "БИ ОНГОД ГЭЭЧ ЗҮЙЛИЙГ ОЙЛГОДОГГҮЙ БОЛОХООР ХҮЛЭЭДЭГГҮЙ"


Энэ сарын 31-нд түмэн олондоо нэгэн эрхэм уран  бүтээлээ тайлагнах гэж байна.Тоглолтын нэр "Миний хайрын зүг...",эзэн нь МЗЭ-ийн шагналт,яруу найрагч В.Нэргүй.2007 онд "Гэрэлт эх",2013 онд "Хайрын зүг",2017 онд "Сэтгэлийн зун",2019 онд "Мөнгөн өвс" яруу найргийн түүврээ уншигчдын хүртээл болгосон тэрбээр 2013 онд "Хайрын зүг" номоороо МЗЭ-ийн шагнал хүртжээ.Мөн "Сармагчинд хэл заасан нь","Нисдэггүй луу","Зүүдний хот","Худалчуудын хот" зэрэг хүүхдийн 40 гаруй бүтээл туурвисан В.Нэргүй найрагчтай хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.

-Удахгүй болох "Миний хайрын зүг..." тоглолтынхоо тухай ярихгүй юу...

-Тоглолт...Одоо бол жаахан айж байна шүү.Ард түмэн,үзэгчид бол шүүгчид юм л даа.Тиймээс би хийж бүтээсэндээ дүн тавиулах гэж байгаа хэрэг.Тоглолтод 5 гавъяат,5 СТА оролцоно.Миний анхны бие даасан уран бүтээлийн цэнгүүн шүү дээ.

-Ингэхэд хэдэн настайгаасаа шүлэг бичиж эхлэв?Анхны шүлэг,анхны багш тань гэвэл...

-Дөрөвдүгээр ангидаа анх шүлэг бичсэн.Монгол хэл,уран зохиолын багш Дамдинсүрэн маань л анх шүлгэнд дурлуулж,шүлэг бичих ухаан суулгасан байх даа.

-Үргэлжилсэн үг рүү орох бодол бий юу?

-Орчихсон шүү.Гэхдээ олны хүртээл болгоход эрт байна.Бичих нэг өөр,бичсэнийхээ дотроос алдаа түүх бас өөр юм.Өгүүллэгийнхээ номыг "Өвгөн" гэж нэрлэх санаатай.Ер нь жилийн жилд л тариаланч хүн ургацаа арвижуулахыг хичээдэг шүү дээ.Үүнтэй адилхан нас тогтоод ирэхээр уран бүтээл дээрээ суух цагийг илүү уртасгадаг юм шиг ээ.

-МЗЭ гэдэг айлын өнгийг тодорхойлбол...

-Юу ч мэдэхгүй хүүхэд байхдаа би энэ их айлын босгоор алхаж орсон.Хүн хайрлах ямар сайхан юм бэ гэдэг мэдрэмжийг хамгийн түрүүн надад өгсөн.Монгол хэлний энхийн мөнхийн манаанд зогсож байгаа их утга зохиолын гал голомтыг бадрааж яваа энэ айлд 20 шахам жил боллоо.Ийм сайхан хамт олон цөөхөн байх.

-Нэг үеэ бодвол яруу найргийн наадмууд олширч.Бай шагнал нь ч их байдаг гэсэн...

-Яруу найргийн наадам хоёр талтай л даа.Эхнийх нь яруу найргийг сурталчлах,яруу найрагчийг таниулах үүрэгтэй.Мөн шүлгийн чанар чансааг харж болно. Гэхдээ энэ бол аль нэг аймаг,сум юм уу хувь хүний нэр хаасан, урлаг соёлын арга хэмжээг халхалсан халхавч огт биш.Тиймээс яруу найргийн наадмуудыг зохиох нь зөв.Гол нь шударга байх л чухал.

-"Болор цом"-д хэдэн удаа оролцов?Энэ наадмын талаар...

-Би чинь "Болор цом" наадмын нэгийн даваанд 8 жил унасан бөх л дөө.Яах вэ,унах бөхийн нэр багтаж байж наадам дүүрдэг биз дээ.Минийхээс муу шүлэг түрүүлбэл гомдох сэтгэл төрдөг.Харин минийхээс илүү шүлгүүд тунаж үлдээд байвал баярладаг.

-Та бол Монголын яруу найргийн 1990-ээд оны дунд үеийнхний нэг.Үеийнхнээсээ шилдгүүдийг нь нэрлээч гэвэл...

-Цаг хугацаа уран бүтээлчдийг тодруулдаг болохоор би хэн нэгнийг шилдэг гэж дагаж намирдаггүй.Гэхдээ уншууртай.мөлжүүртэй шүлэг бүхэнд дуртай.Л.Ганзул,П.Нямлхагва,Ууганбаяр нарын сэтгэлийн өнгө ямар тансаг гээ.Ер нь шүлгийн чанараар нь биш зусарч зулгуйчаар нь гайхамшигтай,агуу гэж магтан дуулдаг үе ирчихсэн юм шиг санагддаг.Үнэндээ хуурамч юм бүхэн худлаа шүү дээ.

-Танай үеийн гол төлөөлөгч бол яалт ч үгүй Баянхонгорын Ц.Доржсэмбэ.Авъяастай энэ яруу найрагч сүүлийн үед их л гундуу явдаг болж...

-Ц.Доржсэмбэ бол өөрийгөө цөллөгт явуулсан яруу найрагч.Тэр цөллөгөөс энэ хүнийг хэн ч авчирч чадахгүй.Хүсвэл өөрөө л ирнэ.Л.Батцэнгэл,Ууганбаяр бид хэд,хэдэн удаа авчрах гэж оролдсон.Шүлэг бүхэнд нь хүн дурладаг.Тааруухан шүлэг байсан ч Ц.Доржсэмбэд цаасан малгай өмсгөдөг.Энэ нь их хор болж байгаа.Үнэндээ би ч архичин байсан.Амьдрал гундуухан явах хэцүү.Таарсан болгон аяга шөл авч өгөхөөсөө илүү нэг шил юм авч өгөөд л хувааж уучхаад салахдаа муу явааг минь зарлаж байдаг.Энэ бол амьдралын бичигдээгүй нэг тогтолцоо.Ц.Доржсэмбэд үе үеийн бүх яруу найрагч хайртай байсан.Байсан гэдэг нь одоо тэр хайр хуурамч болж хувирсан гэсэн үг.

-Яруу найрагч,зохиолчдоос хэнтэй нь илүү нөхөрлөдөг вэ?

-Би амьдралынхаа хүрээнд хүн чанартай байхыг л хичээдэг.Яруу найрагчид ямар ч цагт нэг сэтгэлтэй байж чаддаг.Ах дүү,хамаатан саднаасаа илүү шүлэг бичдэг хэн нэгэн найз руугаа,ах эгч рүүгээ,дүү нар луугаа л гүйдэг.Тийм итгэлийн зөрөг бидний дунд бий.Би төрийн шагналт Ц.Бавуудорж,СГЗ А.Эрдэнэ-Очир ах хоёроос их том хүн чанар,хүн сэтгэл,түшиг тулгуур мэдэрдэг.Үнэндээ энэ хоёр хүнээс би их эмээдэг.Тэдний сэтгэлийн уул дулаан санагддаг.Гэхдээ өдөр шөнөгүй ах аа энэ тэр гээд гүйж очдоггүй.Тийм зориг зүрх ч хүрдэггүй.Байгаа нь л,хийж бүтээсэн нь л өөрөө том үлгэр,том сургууль санагддаг юм.

-Та шүлгээ хэдийд туурвидаг вэ?Ер нь онгод гэж байдаг уу?

-Өдөр бүр бичнэ шүү.Гэхдээ нэг бичсэн шүлэгтээ дахиад ганц ч удаа гар хүрдэггүй.Энэ нь миний сул тал ч байж болох.Онгод гэдэг зүйлийг ойлгодоггүй учраас хүлээдэггүй.Сэтгэлд өөрийн эрхгүй л хүсэл мэдрэмж,үг урсаад ороод ирдэг.Магадгүй энэ нь онгод байж болох л юм.

-Та "Бэрс" дээд сургууль төгссөн билүү?Нэгэн үе МУИС,УБИС-тай сэтгүүл зүйгээр өрсөлдөж байсан энэ сургуулиас олон яруу найрагч,зохиолч төрсөн үү?

-Тэгэлгүй яах вэ,үе үеийн олон гайхамшигт яруу найрагч манай

сургуулиас төрсөн юм шүү.Ер нь манай сургууль шүлэг найрагт дур сонирхолтой нэгэн үеийн хүүхэд бүхний хүслийн цагаан давалгаа байсан.Миний бодлоор манай сургууль яруу найрагч л төрүүлэх гэж байгуулагдсан байх.Тиймээс нэгэн үеийн гэгээн найрагчдыг төрүүлсэн.Магадгүй нэгэн цаг тооллын зөв үзэгдэл байсан ч байж болох.

-Таны яруу найргийн багш хэн бэ?

-Төрийн соёрхолт Дарма.Батбаяр багш маань анх хичээл заасан,надад.Тэгээд О.Дашбалбар,Д.Чинзориг гээд олон сайхан хүн шүлгийг чихэр шиг хүлхүүлж,амтанд нь оруулсан.

-Харин та шавьтай юу?

-Миний хүнд юм зааж сургана гэж юу байх вэ.Гэхдээ хэд хэдэн хүүхэд бий,сайхан уянгалагхан шүлэгтэй.С.Одгэрэл,Ц.Отгонбаатар гээд өнөө цагийн шинэ тодотгол болж орж ирж байгаа сайхан яруу найрагчид бий.Тэдэнд өөрсдөд нь бичих өгөгдөл их байгаа.Тиймээс би тэднээс хүн байхыг л их хүсдэг.

-Гэр бүл,хувийн амьдралынхаа тухай ярихгүй юу...

-Миний хань Өвөрхангай аймгийн Хархорин сумын харъяат Сумьяагийн Сарантуяа гэж бүсгүй бий.Хөөрхий хүний тавиланд намайг сонгож ирсэн бүсгүй хүн.Өөрийнхөө биш миний төлөө л зүтгэж яваа.Хайрлам сайхан хань надад ирсээн.Охин маань "Ирээдүй" цогцолборын 4-р ангийн сурагч Энхцэцэг.Энэ хувь заяанд миний төлөө сайн муу дээр үнэнч байх хоёрхон хүн нь энэ хоёр ч байж мэднэ.

-Авъяас удамшдаг гэдэг.Охин чинь шүлэг зохиол оролдож байна уу?

-Бичнэ шүү.Бас их зоримог уншдаг.Хүүхдийн зохиолууд охинд маань заримдаа жижигдээд байх шиг санагддаг.Нэг л өдөр цоорч гарч ирэх гэж байгаа юм шиг бодогддог шүү.Харин хэзээг нь мэдэхгүй.Би охиныхоо бичсэн шүлгийг зүгээр л сонсдог,нэг ч үг хэлж үзээгүй.Ангидаа болохоор их бүрэг юм шиг байгаа юм.Хэзээ тэр бүрэг зангаа гээх юм бэ бүү мэд. 

-Удахгүй болох тоглолтод чинь амжилт хүсье.Баярлалаа.

      ЯРИЛЦСАН Ш.ЭРДЭНЭТӨР

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

brenda - 129.56.93.1382019-10-23 10:30:20

Би Бренда, Грегтэй олон жилийн турш гэрлэсэн. Гэсэн ч нөхөр маань намайг хуурч байгаа гэж хэлээд бид хоёулаа нүцгэн хосууд болсон, тэр итгэж чадахгүй, бас миний үгэнд итгэхгүй байгаа тул бид салах өргөдөл гаргаж, хожим бид салж, салахаа больсон. Байна. Удаан хугацааны турш би хөдлөхийг хичээсэн боловч түүнгүйгээр үлдэж чадахгүй байсан тул би нөхрөө эргэж ирэхийг эрэлхийлж эхэлсэн бөгөөд дараа нь Дризойя руу очсон. Би тааралдсан агуу хүн, тэр хайрын шившлэг бичиж, 24 цагийн дотор нөхрөө эргэж ирэв. үүнтэй холбогдуулан би Доктор ИЗОЯА-тай холбоо барих, drizayaomosolution@gmail.com хаягаар холбогдохоор ирсэн. Тэр үнэхээр хүчирхэг бөгөөд дараахь чиглэлээр мэргэшсэн ... (1) Бүх төрлийн хайрыг өдөөх. (2) салахаа болих. (3) мөнгөний зан үйлд уриалах. (4) үржил шимгүй болох. (5) ХДХВ / ДОХ-ыг эмчлэх.