Аймгийн хурц арслан Э.Ууганбаяр түрүүллээ

Монголын ард түмэн Улс эх орныхоо бүрэн эрхт, тусгаар тогтнолыг “Бүх ард түмний санал асуулгаар баталгаажуулан тунхагласан”-ы 74 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан 2019 оны 10 дугаар сарын 20-ны Ням гарагт Монгол Бөхийн Өргөөнөө боллоо.

Уг барилдаанд улсын арслан П.Бүрэнтөгс, Р.Пүрэвдагва, улсын заан Б.Соронзонболд, улсын харцага Б.Бат-Өлзий, Б.Одгэрэл, М.Бадарч, О.Хангай нарын тэргүүтэй 128 бөх хүч сорилоо.

Зүүн, барууныг магнайлсан улсын арслан П.Бүрэнтөгс, Р.Пүрэвдагва нар нэг хоёрын даваанд Увс аймгийн харьяат аймгийн начин Л.Энхсаруулд цувран унасан бол улсын харцага О.Хангай хоёрын даваанд өвдөг шороодож үзэгчдийн тааврыг будлиулав.

Улсын цолтой 16 бөх зодоглосон тус барилдаанд Төв аймгийн Баянчандмань сумын харьяат, аймгийн хурц арслан Эрдэнэбилэгийн Ууганбаяр долоо даван түрүүлж, Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, улсын харцага Баярхүүгийн Бат-Өлзий зургаа даван үзүүрлэв. Их шөвөгт улсын харцага Б.Одгэрэл, аймгийн арслан Б.Зоригтбаатар нар шалгарсан юм.

Сэтгэгдэл бичих