Цахимаар олгосон газрын эзэмших хугацааг цуцлахгүй

Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас  цаг үеийн мэдээлэл хийж энэ сарын 15-аас арванхоёрдугаар сарын 15 хүртэл Газар өмчлөлийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, иргэдэд зөвлөгөө мэдээлэл хүргэх ажлыг зохион байгуулж байна.

Энэ ажлын талаар  Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны Газар өмчлөлийн хэлтсийн дарга Сувдсүрэн “Иргэд хуулийн мэдлэггүйгээс болж хуулийн хугацаа нь дуусах үед манай албыг бичиг цаас, өргөдөл хүсэлтээр дардаг. Хуулиа сурталчлан таниулахын тулд гарын авлагаар хангаж, иргэддээ тусалъя, амралтын өдрүүдээр хороод дээр сууж ажиллая гэсэн зорилготой байна. Гэр хорооллын 95 хороон дээр манай мэргэжилтнүүд хуваарийн дагуу сууж ажиллана. Орон сууц өмчилдөг бол 0,7 га газар эзэмшиж болохгүй гэсэн ойлголт байхгүй. Иргэд газраа удаан хугацаанд эзэмшиж байгаа бол өмчлөх эрх нь нээлттэй. Цахимаар 69800 иргэн газартай болсноос газраа ашиглаж байгаа нь нэг ч байхгүй. Дэд бүтэц, зам харилцаа хөгжөөгүй газар учраас иргэд амьдрах орчин бүрдэхгүй байна. Эдгээр газрын эзэмших хуулийн хугацаа нь таван жилийн хугацаатай боловч газар эзэмшүүлэх үйл ажиллагаа дуусаагүй байгаа учир хүчин төгөлдөр хэвээрээ байна” гэлээ.

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль 2003 оноос хэрэгжиж иргэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газрыг нэг удаа үнэгүй өмчилж эхэлсэн. Энэ сарын байдлаар 199196 иргэнд газар өмчлүүлээд байна. Нийслэлд бүртгэлтэй иргэн нийслэл хотод мөн аль ч аймаг сумдын газарт гэр бүлийн хэрэгцээний зориулалтаа газар өмчлөх эрхтэй юм.

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн долоодугаар зүйлд Нийслэлд бүртгэлтэй иргэд 0.7 га буюу 700 мкв хүртэл, аймгийн төвд 0.35 га буюу 3500 мкв , сумын төвд 0.5 га буюу 5000 мкв хүртэл хэмжээний газрыг нэг удаа үнэ төлбөргүй өмчлөхөөр заасан байдаг. Эзэмшиж буй газраа зохих журмын дагуу худалдах, өвлүүлэх, бэлэглэх зэргээр захиран зарцуулах эрхтэй.

Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны Орлогч дарга Г.Баярсайхан “2008 оноос өмнө өрхөд газар өмчлүүлдэг байсан бол Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд 2008 онд нэмэлт өөрчлөлт оруулж Монгол Улсын иргэн бүр газар газар өмчлөх эрхтэй болсон бөгөөд 2019 оны байдлаар 25771 иргэн Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд хандаж хамтран өмчлөгчөө хасуулж, 74624 иргэнд шинээр газар өмчлөх эрх нээж өгсөн” гэсэн бол Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны Газар ашиглалт, бүртгэлийн хэлтсийн дарга Д.Бат-Өлзий “Өмчлөлийн эрх хугацаагүй учраас дуусгавар болохгүй. Эзэмших эрхээ аваад үйл ажиллагаа явуулаагүй, амьдраагүй бол газар эзэмших хугацааг цуцалдаг. Үүний жишээ нь эхний ээлжид Найрамдал зуслангийн 24 газар буюу 5.1 га газар болон хотын төвд хашаалаад удсан газруудыг цуцлах шийдвэр гаргасан. Зөрчилтэй газруудыг шалгаж байгаа. Цуцалсан газраа иргэдэд нээлттэйгээр дуудлага худалдаагаар зарах ажлыг төлөвлөж байна” гэв.

 

Сэтгэгдэл бичих