"Монгол тэмүүлэл" сургуулийн эцэг, эхийн төлөөлөл эсэргүүцлээ илэрхийлж жагслаа

"Монгол тэмүүлэл" сургуулийн эцэг эхчүүд хүүхдүүдэд нь үүсээд байгаа асуудлыг түргэн хугацаанд шийдэж өгөхийг шаардаж ордны гадна жагсаал зохион байгууллаа. Өмнө нь “Монгол тэмүүлэл” болон 133 дугаар сургуулийн эцэг эхчүүд сурагчдын  эрх ашиг зөрчигдөж байгааг хэд хэдэн удаа илэрхийлсэн. Гэвч одоогоор тус хоёр сургуулийн хүүхдүүдийн асуудал шийдэгдээгүй байна. 133 дугаар сургууль нь хичээлийн байргүй, “Монгол тэмүүлэл” сургуулийн 1, 2 дугаар давхарт үйл ажиллагаагаа явуулж байгаа. Үүнээс үүдэн сургуулиудын ачаалал ихэсч, “Монгол тэмүүлэл” сургуулийг Худалдаа үйлдвэрлэлийн их сургуулийн нэгдүгээр байранд нүүлгэнэ гэсэн санал гарсан юм.

Эцэг эхийн төлөөлөл Ж. Сувдаа хэлэхдээ “Би хүүхдээ “Монгол тэмүүлэл” сургуульд оруулах гэж гурван жилийн өмнөөс судалж, багш хөлслөн бэлдүүлж байсан. Хэдийгээр үнэгүй сургууль ч гэсэн  зардал их гардаг. Яагаад гэвэл кембриджийн боловсролтой улсын сургууль учраас ном сурах бичиг авах, олон улсын шалгалтуудыг нь өгөх гээд зардал их гардаг. Ийм байдал үүсээд байгаа нь хүүхдүүдийн маань сурах эрх ашгийг ноцтой зөрчиж байгаа. Гэр бүлийг маань ч гэсэн тайван бус байдалд оруулж байна. Бид “Монгол тэмүүлэл” сургуулийг нүүлгэхгүй байлгахын төлөө тэмцэх болно” гэлээ.

Мөн Эцэг эхийн төлөөлөл хэлэхдээ “Хийх ажлаа мэдэхгүй, хийсэн бүтээсэн юмгүй хүмүүс сонгууль дөхөөд ирэхээр ийм юм хийж байна. 133 болон “Монгол тэмүүлэл” хоёрыг хооронд тэмцэлдүүлж, асуудал үүсгэж  байгаа нь хамгийн буруу юм. "Монгол тэмүүлэл"  сургууль бол боловсролын салбарт маш том дэвшил хийсэн, кембриджийн хөтөлбөртэй сургууль. Анх байгуулагдсанаасаа хойш долоон жил өөр байранд байсан. Дөнгөж  байртай болох үед нь нүү гээд байна.133-р сургуулийн газрыг “Тайган Алтай” гэдэг компани авчихсан юм байна. Яагаад сургуулийн газрыг авчихсан юм бэ гэж тэмцэхийн оронд “Монгол тэмүүлэл”-ийг хувийн сургууль мэтээр цуурхал тараагаад байна. Сүүлдээ биднээс 133 дугаар сургууль алдсан газрынхаа төлөө тэмцэх гэж байна гээд гарын үсэг авсан. Тэгсэн тэр гарын үсгийг “Монгол тэмүүлэл”-ийг нүүлгэх гээд ийм олон хүн гарын үсэг зурлаа гэж ашигласан  байсан” гэлээ.

Өмнө нь холбогдох албан тушаалтнуудад хүргүүлсэн шаардлагуудын хариунд нь 133 болон “Монгол тэмүүлэл”-ийг аль аль талыг нь хохироохгүйгээр арга хэмжээ авна гэсэн байна. Харин энэ удаа “Монгол тэмүүлэл” сургуулийн эцэг эхчүүд тус сургуулийг нүүлгэхгүй байхыг шаардаж, Eрөнхийлөгч, УИХ-ын дарга, Eрөнхий сайд, УИХ-ын өргөдлийн байнгын хорооны дарга нарт шаардлага хүргүүллээ.

Сэтгэгдэл бичих