Каталонийн тусгаар тогтнолын талын олон арван хүн эмнэлэгт хүргэгджээ

Каталонийг тусгаар улс болгохын төлөө талынхны өргөн  эсэргүүцлийн ажиллагааны явцад бараг 90-ээд хүн бэртэж гэмтсэн байна. “El Pais” сонинд ингэж бичжээ.

Үүнээс 60 орчим хүн Барселон хотын эмнэлэгт хүргэгдсэн байна. Нэг хүн нүүрэндээ, хэд хэдэн хүн нүдэндээ гэмтэл авчээ.

Жагсаалд нийтдээ 525 мянгаас цөөнгүй хүн оролцсон байна.  Эмх замбараагүй байдалд өдөөн тухирсан 17 хүнийг баривчилжээ.

Сүүлийн өдрүүдэд Барселон хотод эсэргүүцлийн ажиллагаа болж байгаа юм. Испанийн дээд шүүх энэ автономит мужийг тусгаар улс болгох тухай нийт ард түмний санал хураалт зохион байгуулагчдыг  үймээн самуун дэгдээсэн гэм буруутай хэмээн үзэж,  тэдэнд удаан хугацаагаар хорих ял оноосны дараа аравдугаар сарын 14-нд эсэргүүцлийн ажиллагаа эхлэсэн юм. Мөн Испани улс Бельгид нуугдаж байгаа  Каталонийн засгийн газрын тэргүүн асан Карлес Пучдемоныг баривчлах зөвшөөрөл өгсөн байна.

Эсэргүүцлийн ажиллагаа эхлэснээс хойш Каталонид хууль сахиулах байгууллагын 207 ажилтан бэртэж гэмтжээ.

Каталонийг тусгаар улс болгох тухай нийт ард түмний санал хураалт 2017 оны аравдугааг сарын 1-нд болсон юм.  Санал өгсөн хүмүүсийн 90 гаруй хувь нь бүс нутгийг Испанийн бүрэлдэхүүнээс гаргахын төлөө төлөө саналтай байгаагаа илэрхийлжээ.  Үүний дараа Пучдемон Каталонийн тусгаар тогнтнолын тунхаглалд гарын үсэг зурж,  уг мужийг тусгаар улс хэмээн хүлээн зөвшөөрөхийг дэлхийн бүх улсад уриалсан юм.

Төв засгийн газар санал хураалт явуулахад саад хийхээр оролдож,  тухайлбал хүч хэрэглэжээ. Үүний улмаас 893 хүн бэртэж гэмтсэн байна.  Тийнхүү Испанийн засгийн газар санал хураалтын дүнг хүлээн зөвшөөрөөгүй юм.

Б.Атар

 

 

Сэтгэгдэл бичих