Хоёр Ганаагийн "Халуун зүрх"-ний ХАНДИВ

    Жүжигчин А.Ганчимэг, Д.Ганцэцэг нар "Хувьсгал" продакшнаас өрх тусгаарлаж, "Аримун" продакшн байгуулсан билээ. Хоёр Ганаа шинэ продакшныхаа анхны уран бүтээлээр "Халуун зүрх" уран сайхны киног үзэгч олны хүртээл болгосон.
    Тэгвэл хоёр жүжигчин киноныхоо орлогоос өнөөдөр  Хавдар судлалын үндэсний төвийн Хөнгөвчлөх эмчилгээний тасагт Хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппарат, агаар цэвэршүүлэгчийг хандивлалаа. "Халуун зүрх" уран сайхны киног бүтээхэд Хавдар судлалын үндэсний төв мэргэжлийн үүднээс хамтран ажиллаж, зөвлөгөө зөвлөмжийг өгч байсан аж.
    Хүн бүр эрүүл энх байж, хүүхэд бүр өнчрөл үзэхгүй жаргалтай амьдраасай гэж хүссэн Аримун продакшны хамт олны халуун сэтгэлийн хандивыг хүлээн авсан  ХСҮТ-ийн дэд захирал Л.Баярсайхан "Өвчтөний минь хором бүр өвчиндөө шаналж өнгөрдөг учир тэд маань тайван байгаасай гэж эмч болгон хүсдэг. Тиймдээ ч энэ хүчилтөрөгчийн аппаратыг хараад үнэхээр сэтгэл хөдөллөө. Өвчний өмнө хүчин мөхөсдөж буй нэгний эцсийн амьсгал нь ч гэсэн тэнүүн тайван байх нь дээ гэж бодогдлоо" хэмээн талархсанаа илэрхийлжээ.

    Дашрамд дурдахад жүжигчин Д.Ганцэцэг, А.Ганчимэг нар  “Халуун зүрх” киногоороо “Улаанбаатар” олон улсын кино наадмаас “Шилдэг профессор”-ын шагналыг хүртсэн юм.

Сэтгэгдэл бичих