Мөнгөний бодлогыг танилцуулж хэлэлцүүлнэ

    Монголбанкнаас “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2020 онд баримтлах Үндсэн чиглэл”-ийг олон нийтэд танилцуулж хэлэлцүүлэх гэж байна.

    Ирэх даваа гарагт буюу 10-р сарын 21-нд “Блью Скай” зочид буудалд болох танилцуулах хэлэлцүүлэгт Монголбанкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Эдийн засгийн судалгаа, сургалтын хүрэээлэнгийн захирал, эдийн засагч С.Дэмбэрэл, Монголбанкны ерөнхий эдийн засагч Д.Ган-Очир, Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа нар оролцож манай улсын мөнгө, санхүү, зээл, хөрөнгө оруулалт, эдийн засгийн төлөв байдлыг танилцуулж, мөнгөний бодлогын үндсэн чиглэлийн талаар хэлэлцүүлэх аж.

    Үүний өмнө Төвбанкнаас бизнес эрхлэгч нарын төлөөлөл томоохон 100 гаруй ААН-ийн нэгжийнхнийг хүлээн авч Монгол Улсын бизнесийн хөрөнгө оруулалтын орчин, макро эдийн засгийн нөхцөл байдлын талаар хэлэлцсэн. Энэ талын уулзалт, хэлэлцүүлгийг тогтмол явуулж байх талаар Монголбанкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хэлэхдээ "Төрийн бодлогын бодит үр дүнг гаргахын тулд баялаг бүтээгч хоорондын харилцан уялдаа холбоо маш чухал тул тэдэнтэй нүүр тулсан уулзалтыг жил бүр зохион байгуулж, цар хүрээг нь нэмэгдүүлэх зорилго тавьж байна” гэсэн юм.

    Өмнөх уулзалтаар өнгөрсөн оны мөнгөний бодлогын хэрэгжилтийг авч хэлэлцэн, эдийн засагт тулгарч буй сорилтын талаар илтгэл тавьж, оролцогч ААН-үүдийн удирдлага, төлөөллийн санал хүсэлтийг сонсаж, санал асуулга явуулсан юм. Санал асуулгын зорилго нь Монгол Улсын томоохон ААН-үүдийн эдийн засаг, хөрөнгө оруулалт, бизнес, хууль эрх зүйн орчны талаарх санал бодлыг тандаж, мөнгө, төсвийн бодлогод тусгахад оршиж байв. 

Сэтгэгдэл бичих