Сүхбаатар аймгийн өсвөрийн аврагчид: "Улсын аварга болох итгэл дүүрэн байна"

    Онцгой байдлын байгууллагаас Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 303 дугаар тогтоолоор батлагдсан “гамшгийн эрсдэлийг олон нийтийн оролцоотой бууруулах үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдыг хамруулан  “Өсвөрийн аврагч” бүлгэмийг байгуулсан байна.

    Хүүхэд, багачуудын гамшгаас хамгаалах мэдлэг, хандлага, чадварыг нэмэгдүүлэх аюулгүй амьдрах арга ухаанд суралцуулах, аюул ослын үед өөртөө болон бусдад анхны тусламж үзүүлэх чадвар эзэмшүүлэх, бие бялдрыг хөгжүүлэх зорилгоор улсын хэмжээнд 487 бүлгийн 3820 сурагчийг өсвөрийн аврагчаар бэлтгэжээ.

    Өсвөрийн аврагч сурагчдийн дунд энэхүү тэмцээнийг жил бүр аймаг, бүсийн хэмжээнд зохион байгуулж ирсэн бол энэ удаад анх удаа Улаанбаатар хотод зохион байгуулж буй нь энэ юм.


    Тэмцээнд аймаг болон дүүргүүдээс өрсөлдөж шалгарсан шилдэг зургаан өсвөрийн аврагч багууд өрсөлдөж байна. Үүнээс зүүн бүсээс шалгарсан Сүхбаатар аймгийн баг, баруун бүсээс Завхан аймгийн баг, Улаанбаатар хотоос Чингэлтэй дүүргийн 23-р сургуулийн баг, хойд бүсээс Сэлэнгэ аймгийн баг, өмнөд бүсээс Өвөрхангай  аймгийн баг тус тус шалгаран оролцож буй.


    Өсвөрийн аврагчид маань жагсаалын үзлэг, мэдлэг сорих асуулт, усанд осолдогчийг аврах анхны тусламж үзүүлэх, ур чадвараа сорих, химийн хордолт гэсэн зургаан цэгт ур чадвараа сорин өрсөлдөж, аваргуудаа шалгаруулах гэнэ.


    Тус тэмцээнд зүүн бүсийг төлөөлөн Сүхбаатар аймгаас хүрэлцэн ирсэн лаборатори нэгдүгээр бүрэн дунд сургуулийн “Соёмбо” бүлгийнхэн бэлтгэл сургуулилтаа сайтар базаасан учир түрүүлнэ гэсэн итгэлтэйгээр тэмцээндээ оролцож байлаа.


    Бүлгийн гишүүн  лабаротор 1-р сургуулийн 12-А ангийн сурагч Э.Идэрмөнхөөс баг хамт олных нь тухай асуухад тэрбээр  “Бид аймгийнхаа 4 сургуулийн хүүхдүүдтэй өрсөлдөж түрүүлээд мөн зүүн бүсийн гурван багаас шалгарч энэхүү тэмцээнд аймаг орон нутагаа төлөөлж ирлээ. Би өнгөрсөн жилээс өсвөрийн аврагч багт орсон. Хэзээ нэг өдөр санамсаргүй тохиолдлоор ч юм уу миний туслалцаа хэрэг болсон хүнд очоод тусалчихдаг, мөн өөрийгөө болон хайртай дотнын хүмүүсээ аливаа осол аваарт өртсөн тохиолдолд авран хамгаалах  чадвартай болсондоо баярладаг. Манай аврагч багийн хувьд хүүхдүүд маань бүгд эв найртай нэг санаа бодолтой, нэг зорилгын доор нэгдэж чадсан, авхаалж самбаа, хурд хүч сайтай гэдгээрээ онцлог. Биднийг Улаанбаатар хот руу хөдлөхөд аймгийн маань сургуулиудын бүх сурагчид багш нар , эцэг эхчүүд, аймгийн удирдлагууд гаргаж, амжилт хүсэн үдэж өгсөн. Бидэнд хэлсэн гол үг нь “Заавал түрүүлэхдээ гол биш шүү, хамгийн гол нь туршлага сууж, судалж, улам илүү хичээгээд аймгийнхаа нэрийг гаргаад ирээрэй. Юу ч болсон бид та бүхнээр маш их бахархаж байна. Амжилт хүсье гэж хэлсэн нь бидэнд улам илүү урам зориг өгч чадсан. Тийм болохоор түрүүлэхийн төлөө хичээх болно” гэлээ.

Л.Энхцэцэг

Сэтгэгдэл бичих