Трамп Туркийн эсрэг хориг арга хэмжээ авах тухай зарлигт гарын үсэг зуржээ

    АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп  Сирийн байдалтай холбогдуулан Туркийн эсрэг хориг арга хэмжээ авах тухай зарлигт  гарын үсэг зуржээ.

     Хориг арга хэмжээний жагсаалтад  Туркийн батлан хамгаалах яам, Эрчим хүчний яам, түүнчлэн эдгээр яамны сайд нар, жанжин штабын хуучин дарга, болон эрх баригч намын орлогч дарга нар орсныг АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео мэдэгдсэн байна.

    Сирийн зүүн хойд нутагт Туркийн явуулж буй цэргийн ажиллагааг зогсоолгох зорилгоор ийм арга хэмжээ авч байгаа юм гэж түүний хэлснийг хэвлэлд дурджээ. 

    Өнгөрсөн долоо хоногт Турк улс курдийн анги салбаруудын эсрэг цэргийн ажиллагаа явуулж эхлэсэн билээ. Энэ нь  завсрын бүс байгуулах зорилготой бөгөөд   уг бүс нь Туркийн хилийг хамгаалах  ёстой ажээ. Тэгвэл АНУ болон европын орнууд энэ ажиллагааг эсэргүүцсэн юм. 

    АНУ Сирийн зүүн хойд нутгаас цэргээ гаргах бөгөөд  тус орны өмнөд нутагт цөөн тооны цэргийн албан хаагч л үлдэнэ гэж Доналд Трамп өөрийн твиттертээ бичжээ. Мөн тэрбээр Туркийн давшилт нь энгийн хүмүүст аюул учруулж,  бүс нутгийн аюулгүй байдалд заналхийлж, хүмүүнлэгийн хямрал үүсгэж байна гэж мэдэгджээ.

    Үүнээс гадна, америкийн ерөнхийлөгч Туркийн эдийн засгийг сүйрүүлэх хүртэл тус орны эсрэг хориг арга хэмжээ авна хэмээн тус орныг сүрдүүлж байна.

Б.Атар


Сэтгэгдэл бичих