Баянхошуу, Сэлбэ дэд төвд 100 000 айлын орон сууц барина

    Улаанбаатар хотыг 2020, 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд тусгаснаар нийслэлд найман дэд төв байгуулах болсон. Эрх баригчдын эл амлалт эхнээсээ ажил хэрэг болж байгааг бид өнгөрсөн баасан гаргийн дугаартаа сурвалжилж, хүргэсэн билээ. Эхний ээлжид алслагдсан гэр хорооллын бүсүүдэд зургаан дэд төв байгуулах төслийг Азийн хөгжлийн банк (АХБ) болон Европын хөрөнгө оруулалтын банк (ЕХОБ)-ны хөнгөлөлттэй зээлийн шугамаар хэрэгжүүлж байна. АХБ-ны “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн нэгдүгээр шатанд Баянхошуу, Сэлбэ дэд төвд бүтээн байгуулалт хийхэд шаардлагатай инженерийн дэд бүтэц тавих ёстой.

    Үүний дагуу Баянхошууны 162, Сэлбэ дэд төвийн 156 га газарт цэвэр, бохир усны шугам, дулаан, цахилгаан хангамжийн эх үүсвэр татаад байна. Сэлбэ дэд төв нь Сүхбаатар дүүргийн XIII, XIV, Чингэлтэй дүүргийн XIV, XVIII хорооны нутгийг хамарч буй бөгөөд зөвхөн авто зам, инженерийн шугам, сүлжээг тавихын тулд 332 айлыг нүүлгэн шилжүүлжээ. Айл өрхүүдийн газрын нэг ам метр талбайг 65 000 төгрөгөөр тооцож, үл хөдлөх хөрөнгийг нь үнэлэн, нөхөн олговор өгснийг “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн хяналт шинжилгээ, үнэлгээний мэргэжилтэн Н.Болороо хэлсэн. Өдгөө Сэлбэ дэд төвийн цахилгаан, усан сан, шахуургын станц, Харилцаа холбоо, мэдээллийн төвийн барилгын ажил ид өрнөж байна. Үүнээс гадна 35/10 кВ-ын хүчин чадалтай цахилгаан станц барьж, дулааны 9.9, цэвэр усны 11.9, бохирын 12.5 км шугам татжээ. Энэ хавийн гэр хороолол дундуур 6.8 км авто зам тавихад бэлэн болсныг төслийн нэгжийн мэргэжилтнүүд хэлсэн. Зам барихаас өмнө шугам, сүлжээг тавих бөгөөд үерийн хамгаалалтын 2.1 км суваг татаж, гурван га газрыг тохижуулах аж. Мөн 1000 шоо метрийн багтаамжтай усан сан, шахуургын станц байгуулжээ.

    Баянхошуу дэд төв дэх Бизнес инкубатор төв

    Дэд төвүүдэд инженерийн дэд бүтцээс гадна нийгмийн барилга, байгууламжуудыг барьж буй. Сэлбэ дэд төвд 240 хүүхдийн цэцэрлэг, 320 суралцагчийн багтаамжтай Бизнес инкубатор төвийн барилгыг угсарч байлаа. Барилгын ажлын явц Баянхошууныхыг арай гүйцэхгүй ч хоёуланг нь ирэх жил ашиглалтад оруулахаа гүйцэтгэгч компанийнхан хэлсэн. Цэцэрлэгийг “Цаст констракшн” компанийнхан барьж буй бөгөөд ажлын явц нь 59.3 хувьтай байгаа аж. Харин хоёр давхар блокоос бүрдэх 2081 ам метр талбай бүхий Бизнес инкубатор төвийг “Бридж констракшн”-ыхан барьж буй юм билээ. Барилгын ажил нь өдгөө 43 хувьтай, ирэх хавар ашиглалтад оруулах гэрээтэй гэнэ.

    “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн суурь судалгааг 2009 оноос эхлүүлж, 2014 онд Засгийн газар, АХБ зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурснаар бүтээн байгуулалтыг албан ёсоор эхлүүлсэн байдаг. Улаанбаатар хотын нийгэм, эдийн засгийн хөгжлийг хурдасгах, нийслэлийн алслагдсан хүн ам үйлчлүүлэх худалдаа, соёлын, төрийн үйлчилгээний төвлөрөл бүхий, байгаль орчинд ээлтэй, ногоон орчныг бүрдүүлсэн дүүрэг, бүсийн чанартай төв байгуулах нь уг хөтөлбөрийн зорилго юм. Үүний дагуу АХБ-ны төслийн багийнхан Сүхбаатар дүүргийн XIII хороонд барьж буй, 28 мВт-ын хүчин чадалтай дулааны станцын ажилтай танилцлаа. “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн дулааны инженер Х.Цолмонбаяр “Сэлбэ дэд төвийн дулааны станцын барилгын ажлыг 2017 оны долдугаар сараас эхлүүлсэн. Гурван зуухтай эл станцын гүйцэтгэгчээр “Хүрд” ХХК шалгарч, өдгөө барилгын ажил нь 52 хувьтай үргэлжилж байна. Дулааны станц барих хүрээнд ус, дулаан дамжуулах 14 дэд төв байгуулж, дулааны 4.4 км шугам татаад байна. Станцыг ашиглалтад оруулснаар Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн дөрвөн хорооны гурван мянган өрх, 100 гаруй аж ахуйн нэгжийг дулаан хангамжийн нэгдсэн системд холбох боломжтой. Ингэснээр Улаанбаатар хотын утааг тодорхой хэмжээнд бууруулна гэж тооцсон. Станцад жилд 30-40 мянган тн түүхий нүүрс зарцуулна. Гэхдээ энэ нь 3000 өрх, 100 гаруй аж ахуйн нэгжийн нүүрсний хэрэглээг гурав дахин бууруулсан тооцоо юм. Дулааны станцаас ялгарах утаа, үнс, нүүрсхүчил болон хүхрийн хийг 99.9 хувь шүүдэг сүүлийн үеийн дэвшилт технологи суурилуулна” гэв.


    Зам, гүүрийн бүтээн байгуулалтын талаар “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн авто замын хяналтын инженер С.Жаргалсайхан “Сэлбэ дэд төвийн 156 га газарт инженерийн дэд бүтэц, шугам сүлжээ татах ажлыг 2017 оноос эхлүүлсэн. Гэр хороолол дундуур 6.8 км урт, долоон метр өргөн зорчих хэсэгтэй, хоёр талаараа 1.5 метр өргөн явган хүний зам, гэрэлтүүлэг, ус зайлуулах шуудуутай авто зам барьж байна. Чингэлтэй дүүрэг дэх үерийн сувгуудын ойр орчмын гурван га газрыг тохижуулж, 24, 30, 60 метр өргөнтэй, төмөр бетон гүүр гурвыг барьж буй. Үерийн далан дагуух гуу жалгуудыг тохижуулах хүрээнд авто, явган хүний зам барьж, ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай байгуулан, чийрэгжүүлэх тоног төхөөрөмж суурилуулна. 24, 60 метр өргөнтэй гүүрийн ажил 80, 30 метрийнх нь 50 гаруй хувьтай үргэлжилж байна. Инженерийн шугам, сүлжээг энэ онд багтаан бүрэн татах төлөвлөгөөтэй. Гэр хорооллын дундуур авто зам тавьснаар Долоон буудал орчмын зорчих хэсгийн ачаалал буурна” гэж ярилаа.

    Сүхбаатар дүүргийн XVIII хороонд 1000 шоо метрийн усан сан, шахуургын станц, ус хангамжийн шугам хоолой татах ажлыг “Санжат” ХХК гүйцэтгэжээ. Тус компанийн инженер Н.Болор-Эрдэнэ “Дамбадаржаа, Сүхбаатар дүүргийн хоёр хорооны иргэдийг цэвэр усаар хангах, 1000 шоо метрийн багтаамж бүхий усан сан, цэвэр усны 1.7 км гурван хос шугам, эргэлтийн насос станц байгууллаа. Усны дээжийг шинжлүүлэхэд сайн үзүүлэлттэй гарсан. Энэ хавийн өрхүүд 0.5-1 км зам туулж, гүний худгаас усаа авдаг юм билээ. Цаашид Дарь-Эх, Долоон буудал орчмын айл өрхүүдийг цэвэр усны төвлөрсөн шугамд холбох боломжтой” хэмээн өгүүлсэн.

    Нийслэлийн ЗДТГ, АХБ болон ЕХОБ-ны нийт 160.1 сая ам.доллароор хэрэгжүүлж буй “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн нэгдүгээр шатанд Баянхошуу, Сэлбэ дэд төвийн инженерийн шугам сүлжээ, нийгмийн барилга байгууламжийг ийнхүү барьж байна. Үүнд шаардлагатай 53.7 сая ам.долларыг АХБ, 22.4 саяыг нийслэлийн ЗДТГ, үлдсэнийг нь ЕХОБ-наас санхүүжүүлж байгаа аж. Төслийн нэгдүгээр шатны гүйцэтгэл өдгөө 71.6 хувьтай байгааг албаныхан хэлсэн. Өөрөөр хэлбэл, гэр хороололд инженерийн дэд бүтэц “ирснээр” орон сууцжуулах боломж бүрдсэн гэсэн үг. Баянхошуу, Сэлбэ дэд төвд газар чөлөөлсөн иргэдийн түр оршин суух 50 айлын орон сууц тус бүр нэгийг бариад байна. Дэд төвд барих орон сууцад орохоор газраа “хандивласан” иргэд уг байранд үнэгүй амьдарч буй гэнэ.

    Баянхошуу, Сэлбэд 100 га газрыг хамарсан нийт 100 000 айлын орон сууц барина гэдгийг АХБ-ны суурин төлөөлөгчийн газрын хот байгуулалтын тэргүүлэх зэргийн мэргэжилтэн Арно Хекманн хэлсэн юм. Тэрбээр “Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууц ба уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл” төсөл боловсруулжээ. Эхний ээлжид дээрх хоёр дэд төвд ирэх жил тус бүр арван га газарт 1000 айлын орон сууц хоёрыг барихаар төлөвлөжээ. Арно Хекманн “Иргэдийн орлогод нийцсэн ногоон орон сууцын загвар барилгыг барихад бэлэн болсон. Гэр хороололд инженерийн дэд бүтэц татсан учир тухайн бүсүүдэд яндангийн тоо буурах нь ойлгомжтой. Мэдээж иргэд эгнээ, гудамжаараа хамтарч, газраа чөлөөлснөөр энэ ажил урагшлах юм. Инженерийн дэд бүтцийг дагаад боловсрол, эрүүл мэндийн барилга байгууламжуудыг барина.

    Хувийн компаниуд ч бүтээгдэхүүн, үйлчилгээгээ гэр хороолол руу тэлэх боломж бүрдлээ. Орон сууцуудын тодорхой хувь нь орлогод нийцсэн, мөн худалдан борлуулах, түрээслээд өмчлөх хэлбэртэй байна. Ногоон орон сууц гэдэгт барилгын дулаалга маш сайн, эрчим хүч, дулаан алдахгүй, дээвэртээ нарны зайн үүсгүүртэй байх зэрэг багтана. Дахин төлөвлөлтийн компаниудын алдааг давтахгүй байхаар төлөвлөсөн. 100 000 айлын орон сууцын төслийг найман жилийн хугацаанд хэрэгжүүлнэ. 30 хувь нь нийгмийн барилга байгууламж байх бөгөөд үлдсэн 70 хувийн орон сууцыг хувийн компаниуд барьж, худалдан борлуулах ажлыг нь НОСК хариуцна. Өдгөө техник, эдийн засгийн нарийвчилсан үнэлгээг хийх компаниудыг сонгон шалгаруулж байна. Удахгүй гүйцэтгэгч нарыг сонгоно” гэлээ.

    “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн II шатанд Дамбадаржаа, Дэнжийн мянга, III шатанд Шархад, Толгойт дэд төвийн бүтээн байгуулалтыг эхлүүлэх гэнэ. АХБ-ныхан үүнээс гадна Төв цэвэрлэх байгууламж, Ус сувгийн удирдах газар (УСУГ)-т хэрэгжүүлсэн төслүүдтэйгээ танилцсан юм. Тэд Цэвэрлэх байгууламжийн биологийн цэвэрлэгээний объектыг шинээр барьж өгчээ. УСУГ-ын ахлах инженер О.Оюунбаяр “Манай дугуй резервуарын барилгыг 1964 онд ашиглалтад оруулсан. Биологийн анхны цэвэрлэгээ явуулдаг энэ байгууламжийг шинээр барьж өгснөөр үндсэн үйл ажиллагааг доголдуулахгүй байлгах давуу талтай. Өмнө нь өвлийн цагт уур цан савсаж, эрүүл, аюулгүй орчинд ажиллахад хүндрэлтэй байлаа. Дамжлагууд холилдож, лагийг сайн цэвэрлэж чадахгүйд хүрээд байсан. АХБ-ны төслийн хүрээнд хоёр шахуурга нэмж суурилуулсан. Цэвэрлэгээний түвшин 20 орчим хувиар сайжирсан” хэмээн тэмдэглэв.

    АХБ-ны 3.7 сая ам.долларын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлсэн өөр нэг төсөл нь УСУГ-т сүүлийн үеийн дэвшилт технологи бүхий Нэгдсэн удирдлагын хяналтын төв байгуулсан явдал. 37 000 метр шилэн кабель татаж, хяналтын төвийг энэ сард ашиглалтад оруулжээ. Ингэснээр УСУГ-ын салбар нэгж, харьяа усан сан, шахуургын станцад ямар нэгэн гэмтэл гарсан тохиолдолд хүний оролцоогүйгээр усыг автоматаар нээж, хаах боломж бүрдсэн нь гол давуу тал. Үүний ачаар байнгын ажиллагаатай шахуургуудыг өдрийн цагаар амралтын горимд шилжүүлдэг болсноор их хэмжээний ус, эрчим хүч хэмнэдэг болсныг УСУГ-ынхан онцоллоо .

Сэтгэгдэл бичих