Дөрвөн ээлжээр хичээллэж байгаа 133 дугаар сургуулийн хичээлийн байрны асуудлыг шийдэж өгөхийг шаардлаа

Баянзүрх дүүргийн 133 дугаар сургуульд дөрвөн ээлжээр хичээллэж, Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж чадахгүй байгаа тухай тус сургуулийн эцэг эхчүүдийн төлөөлөл өнөөдөр Сүхбаатарын талбай дээр цуглаан зохион байгууллаа.

image

133 дугаар сургуулийн эцэг эхийн зөвлөлийн дарга. Б. Батдэлгэр “Баянзүрх дүүргийн 26 хороонд амьдарч байгаа хүүхдүүд Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж чадахгүй байна. Өнөөдрийн байдлаар 133 дугаар сургууль 1540 хүүхэд суралцаж байгаа. “Монгол Тэмүүлэл” сургуулийн өөр байр луу нүүлгэх асуудлыг өнгөрсөн хавраас эхэлж ярьсан. БСШУЯ-ны сайд Ё.Баатарбилэг өнгөрсөн наймдугаар сарын 30 тушаал гаргаж “Монгол Тэмүүлэл” сургуулийг нүүлгэж, байрыг бэлтгэх ажлын хэсгийг гаргасан. Гэвч гаргасан тушаал нь хэрэгжихгүй байна. Тушаал гарснаас хойш 45 хонож байна. Өнөөдөр Улаанбаатар хотод дөрвөн ээлжээр 133 дугаар сургууль хичээллэж байгаа. Өөр дөрвөн ээлжээр хичээллэж байгаа сургууль байхгүй. Иймээс Төрийн гурван өндөрлөгт болон БСШУЯ-ын сайдад шаардлага хүргүүлнэ. Энэхүү шаардлагын хариуг ирэх арваннэгдүгээр сарын 1-ны өдөр өгөхгүй бол тэмцлийн хурц хэлбэрийг сонгох болно”гэв.

133 ДУГААР СУРГУУЛИЙН ХИЧЭЭЛИЙН БАЙРНЫ АСУУДЛЫГ ШИЙДЭЖ ӨГӨӨЧ

image

133 дугаар сургуулийн эцэг эхийн төлөөлөл В. Батцэнгэл “Зургаан жилийн өмнө Баянзүрх дүүргийн 26 хороонд сургууль цэцэрлэгтэй болгоно гэж яригдаж, 133 дугаар сургуулийн байр баригдсан. Ашиггүй бага сургуультай боллоо гэж байтал шинээр баригдсан сургуулийг “Монгол Тэмүүлэл “ сургуулийн байр болгосон. Харин 133 дугаар сургуулийн сурагч хичээлийн байргүй болсон. Хичээлийн байр учраас одоо дөрвөн ээлжээр хичээллэж байгаа. Дөрвөн ээлжээр хичээллэж байгаа болохоор багш нар хичээлээ бүрэн зааж амжихгүй байна. Иймээс энэ хоёр сургуулийн асуудлыг бүрэн шийдэж өгөөч гэдгийг салбар хариуцсан хүмүүст нь хэлмээр байна” гэлээ.

image

Сэтгэгдэл бичих