Саалиа бэлдэхээр, Саваа бэлд гэж Пийшингээ бэлдэх байж дээ

     Утаагүй өвөлжих гэж түүхий нүүрсээ шахмал түлшээр солив оо. Тэгсэн өнөөх айхтар сайжруулсан түлшийг нь саяны хэд хоногийн хүйтэнд бээрсэн айлууд худалдан авч галаа өрдөв.....
    Төд удалгүй энэ түлш чинь аргал шиг асах юм, ямар ч илч алга, аль эсвэл хог буртаг ихтэй юм гэх мэтээр шүүмжлэлд өртөж эхлэв. Холбогдох хүмүүс нь тэр үед чимээ аниргүй байв. Гэвч байдал улам хүндэрч иргэд олноороо угаартаж эхлэв. Үүнийг харин иргэд өөрсдөө галлагаагаа дарааллын дагуу зөв хийгээгүй гэж тайлбарлав. Ийн гэр хорооллынхон маань шахмал түлшийг хэрхэн зөв түлэх хичээл заалгаж байтал өчигдөрхөн нэг айлын зуух нь дэлбэрчихэв. За одоо арай хэтэрнээ гэсэн хүмүүсийн дуу хоолой нэгдэхтэй зэрэгцээд иргэд зориулалтын зуух худалдан авах шаардлагатай боллоо. Уг нь улс эх оронд маань нэг ч гэсэн ажил биеллээ олж байхад бөөн бөөнөөрөө туйлширч шүүмжлээд яахав гэсэн хүлцэнгүй иргэд дуугүй хохирсоор л. Утаагүй амьдралын төлөө гээд иргэдээ амь нас, эрүүл мэндээр нь хохиороочихоод зуух пийшинд буруу өгөөд сууж болно гэж үү. Дөнгөж намрын эхний хүйтнээр хэдэн хүн сайжруулсан түлш гэх энэ учир битүүлэг зүйлээс болж алтан амиа алдав. Дөнө өвлийн хүйтнээр тэгвэл энэ хотод чинь амьд үлдэх хүн байх уу. Саалиа бэлдэхээр, Саваа бэлд гэж анхнаасаа тусгай зуух пийшинд түлэх ёстой байсан юм бол зуухжуулах аян бас өрнүүлэх байж дээ.
    Ер нь утаагүй зуух, шахмал түлшээр агаарын бохирдлыг шийдвэрлэсэн нэг ч улс дэлхий дээр алга. Харин орон сууц барьснаар шийдэж байсан туршлага байна"
    Өчигдөрхөн ерөнхийлөгч маань угаартаж амь насаа алдсан иргэдэд эмгэнэл илэрхийлэхдээ хэд хэдэн чухал асуултыг хөндөв. Тэрбээр Яагаад анх төлөвлөж байснаараа “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн эрчим хүчний нүүрсийг шахмал түлшний түүхий эд болголгүй “Энержи ресурс” ХХК-ийн угаасан нүүрсний хаягдлыг сонгов?
Мөн  Барьцалдуулагч бодисын үнэ, чанарын асуудал анх танилцуулсан байдлаасаа яагаад зөрөв?
Шахмал түлш үйлдвэрлэх үйл явцад “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас бүрдүүлсэн Ажлын хэсгийг яагаад сольж, халах болов? Эрдэнэс Тавантолгой ХК-ийн эрчим хүчний нүүрсэн дэх хүхрийн хэмжээ “Энержи ресурс” ХХК-ийн хаягдлаас 1.9 дахин бага хэмжээтэй байгаа юм. Гэтэл яагаад гэнэт илүү их хүхэртэй, хаягдал нүүрсийг ашиглахаар шийдвэрлэв? Энд хэний, ямар ашиг сонирхол нуугдаж байна гээд хууль хяналтын байгууллагын олж тогтоох ёстой олон асуултууд хариултаа хүлээсээр л байна.
    2017 онд 187, өнгөрсөн жилд 172 хүн угаарын улмаас эмнэлэгт хандаж байсан. Сайн харах юм бол нэг жилийн дотор 15 хүнээр буурсан үзүүлэлт шүү. Тэгэхэд бид  түүхий нүүрсээ түлж байлаа. Харин өнөө хачин сайхан шинэ түлштэй болж утаа майнаас ангижрах нь гэж баярлатал тавхан хоногийн дотор зургаан хүний амийг авч, зуугаад хүнийг хордуулж орхих нь тэр.
Ингэхдээ иргэдийг зөв галлаач гэж зандарчхаад дараа нь сайжруулсан шахмал түлшинд утаагүй зуух тохирохгүй байна гэхийн дээр угаарын хий мэдрэгч дохиолол тавихаар болчхов. Энэ тухай уншсан нэг зочин цахим хуудсанд “Шахмал түлшээ хийчих, дараа нь хүн угаартах нь дамжиггүй. Тэгэхээр нь детектор хэрэглэхгүй бол болохгүй гээд би хэлчихнэ. Тэгээд багажаа Засгийн газарт шахья.Тэгэхгүй гээд эд нар хаачих юм бэ гэсэн үргэлжилсэн луйвар нь явж байгаа юм биш үү” гэж сэтгэгдлээ үлдээжээ. Иргэд ингэж хардах эрхтэй.
  Гэхдээ хийж байгаа нэгнийг доош нь дарах гэсэн хүсэл огт алга. Хамгийн гол нь хийвэл хийсэн шиг хийгээд өгөөч ээ гэсэн аргаа барсан иргэдийн хэлэх үг энэ. Мөн иргэдийн зовлонгоос ашиг унагадаг байдлыг таслан зогсоох хэрэгтэй байна.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

zochin - 202.179.27.322019-10-10 09:35:02

Sudalgaagui bn

zochin - 66.181.161.682019-10-10 09:32:39

энэ 76 гэж дээ маниас доор олгой толгойтой юмнууд байх юмаа

fhddgr - 202.179.27.322019-10-10 08:23:48

yagad anhnaas ymiig oliggtoihon tolowlood hiij boldoggu ym be

duuren - 66.181.161.382019-10-10 07:56:45

Hereg algoo