Эмч мэргэжилтэй мисс М.Цэвэлмаа

     "NEWS" агентлаг залуустаа зориулсан “Шинэ нэр” булангийнхаа ээлжит зочноор эмч мэргэжилтэй мисс бүсгүйг онцолж байна. Түүнийг М.Цэвэлмаа гэдэг. Тэрбээр Гоо сайхны олимп гэгдэх "Дэлхийн мисс-2019" тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох Үндэсний ялагч миссээр тодорсон юм.

    Мисс М.Цэвэлмаа нь Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийг эмч мэргэжлээр төгссөн бөгөөд "Монголын сайхан бүсгүй-2018" уралдааны есөн эрдэнийн өргөмжлөлт бүсгүйчүүдийн “Мөнгөн эрдэнэ”-ийн өргөмжлөлийн эзнээр тодорч байжээ. Ингээд түүнтэй танилцъя.

МАНДАХ ЦЭВЭЛМАА 1996.11.28

Төгссөн сургууль:Нийслэлийн БСШУСЯ-ны харьяа лаборатори 23 дугаар дунд сургууль /2011 он/

Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн лицей сургууль  /2013 он/

Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль /2019 он/

Мэргэжил: Хүний их эмч

Одоо эрхэлж буй ажил: АШУҮИС-ийн мэдрэлийн резидент эмчээр суралцаж байгаа

Сошиал хуудас:  Mandakh Tsevelmaa /фэйсбүүк/

ЮУНЫ ӨМНӨ “MISS WORLD-2019” ТЭМЦЭЭНИЙ ҮНДЭСНИЙ ЯЛАГЧААР ТОДОРЧ, ЭХ ОРНОО ТӨЛӨӨЛӨН ӨРСӨЛДӨХ ЭРХИЙГ АВСАНД БАЯР ХҮРГЭЕ. ӨӨРТӨӨ ХЭР ИТГЭЛТЭЙ БАЙВ. СЭТГЭГДЛЭЭСЭЭ ХУВААЛЦАХГҮЙ ЮУ?        

–Маш их баярлалаа. Охид бүр багаасаа мисс болохыг хүсч мөрөөддөг шүү дээ. Миний хувьд ч гэсэн бусдын адил мисс болох мөрөөдөлтэй хүүхэд байлаа. Гэхдээ энэ мөрөөдөл минь ирээдүйд биелнэ гэж бодож байсангүй. Өөрийнхөө мөрөөдлийг биелүүлэх тэр мөч үнэхээр сайхан санагдсан.

Би хоёр жилийн өмнөөс “Miss Word Mongolia” тэмцээнд оролцох юмсан гэж бодож, эмээтэйгээ ярилцдаг байлаа. Эмээ маань ч намайг их дэмждэг байсан юм. Гэхдээ би дотроо “Их сургуулиа төгсчихөөд, энэ тэмцээнд орж, өөрийгөө сорьно доо” гэж боддог байлаа. Тэгээд би 2017 онд “Монголын сайхан бүсгүй” тэмцээнд оролцож, дэд байранд шалгарч “Хүмүүнлэг мисс” өргөмжлөлийг хүртсэн. Мисс хүн хамгийн гол нь хүмүүнлэгийн элч болдог шүү дээ. Тийм учраас надад боломж байгаа гэдгийг харсан. Өөртөө итгэлтэйгээр “Мiss World- 2019” тэмцээнд оролцож, үндэсний ялагчаар тодорсондоо баяртай байна.


ЭНЭ ЖИЛИЙН ХУВЬД ШИЛДГИЙН ШИЛДЭГ 11 ГОО БҮСГҮЙ ТИТМИЙН ТӨЛӨӨ ӨРСӨЛДСӨН ГЭСЭН. БУСАД ОРОЛЦОГЧИД ХЭР ТУРШЛАГАТАЙ МИССҮҮД БАЙВ?

-“Miss world-2019” тэмцээнд шилдгийн шилдэг 11 гоо бүсгүй бараг нэг сарын турш өрсөлдсөн. Анх бусад гоо бүсгүйчүүдээ хараад бага зэрэг эмээсэн. Учир нь “Miss mongolia” тэмцээний ялагчаар тодорч байсан туршлагатай мисс олон байсан. Миний хувьд Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн оюутан учраас тэмцээнд оролцоод байх боломж тэр бүр гардаггүй. Гэхдээ анхнаасаа өөртөө зорилго тавиад, сэтгэл санааны бэлтгэлтэй оролцсон учраас чадлаараа хичээсэн.

ҮНДЭСНИЙ ЯЛАГЧИЙГ ТОДРУУЛАХАД ТӨСӨЛ ХАМГИЙН ЧУХАЛ. ЭНЭ ЖИЛИЙН ЯЛАГЧ ЯМАР ТӨСӨЛ ТАНИЛЦУУЛСАН БОЛ?

-Намайг ялагчаар тодорход нөлөөлсөн зүйл гэвэл хорт хавдрын эсрэг хүмүүнлэгийн төсөл маань байсан. Төсөл маань хорт хавдраар өвдсөн хойноо эмчлэх бус эрт илрүүлэг тал руугаа анхаарал хандуулсан гэдгээрээ онцлог. Монгол Улсад өдөр болгон 16 хүн хорт хавдраар оношлогдож, 12 хүн зөвхөн хорт хавдрын шалтгаанаар нас барж байна. Энэ тоо бол цөөн хүн амтай манай улсын хувьд маш өндөр үзүүлэлт юм. Мөн миний эмээ саяхан улаан хоолойн хорт хавдраар бурхан болсон. Тиймээс мэргэжилтэйгээ уялдуулан хорт хавдраас эрт сэргийлэх ажлыг хийхээр шийдсэн.

Энэ төсөл маань тэмцээний шүүгчдээс өндөр оноог авсан. Бас би ганцаараа төслөө англи хэл дээр танилцуулсан нь давуу тал болсон байх. Өөрөө эмч мэргэжилтэй учраас сүүлийн үеийн статистик мэдээлэл, судалгаанд тулгуурласан. Эмч хүн зөвхөн ажлаа хийгээд хорт хавдрын эсрэг тэмцэхэд хангалтгүй шүү дээ. Харин мисс болсноор илүү олон хүнтэй харьцаж, асуудлыг шийдэх гарц, боломж бий болох юм. Тэмцээний бусад шалгууртаа ч гэсэн жигд оролцоод явсан.

ХҮҮХЭД НАСНЫХАА ТУХАЙ ЯРИАЧ. БАГААСАА ИЙМ ӨНДӨР ОХИН БАЙСАН УУ?

-Би бага ангидаа биеийн тамирын хичээлд хамгийн доор зогсдог намхан охин байлаа. Миний хувьд ахлах анги хүртлээ нийслэлийн 23 дугаар дунд сургуулийн орос хэлний ангид суралцсан. Тэгээд Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн лицей сургууль руу шилжих жилээ ангийнхаа хамгийн өндөр нуруутай сурагч болсон байсан. Сүүлд анагаах ухаан судлаад эхлэхэд энэ нь миний их унтдагтай холбоотой байсан юм билээ. Би их нойртой хүүхэд байсан. Нойрон дунд хүний өсөлтийн даавар ихээр ялгардаг. Манай аав, ээж ч гэсэн өндөр хүмүүс байдаг л даа. Мэдээж удамшил бас нөлөөлсөн биз.

ХҮНИЙ ИХ ЭМЧ МЭРГЭЖЛЭЭР СУРАЛЦАЖ, ТӨГССӨН ГЭСЭН ҮҮ. ЭМЧ МЭРГЭЖЛИЙГ СОНГОН СУРАЛЦАХ БОЛСОН ТУХАЙГАА ЯРИАЧ?

-Манай аав үндэсний бөхийн тамирчин хүн л дээ. Аав минь байнгын бэлтгэл хийдэг учраас бэртэл гэмтэл их авна. Бага байхад аав бэлтгэл хийж байгаад үе нь мултарна, нуруу нь өвдөнө. Ээж байнга л аавд санаа нь зовж, өвчин намдаах эм тариа хийдэг байсан. Тэгээд би “Ямар ч байсан ирээдүйд ойрд дотны хүмүүсээ өвтгөхгүй эмчилдэг хүн болох юмсан” гэж боддог болсон юм. Би мундаг эмч болж чадахгүй ч байж болно. Хайртай хүмүүсээ эрүүл байлгаж, өвчинг нь хүндрүүлэхгүй байлгахыг л хүсч, эмч мэргэжлийг сонгосон. Өөрөөр хэлбэл аав минь ирээдүйн мэргэжлээ сонгоход минь хамгийн их нөлөөлсөн хүн. Миний хувьд нуруу буюу мэдрэлийн эмч мэргэжлээр суралцаж, энэ намраас резидентээ суралцах гэж байгаа.

ТЭГВЭЛ ЗАГВАРЫН ТАЙЗНАА АНХ ХЭДЭН НАСТАЙДАА АЛХАЖ ЭХЭЛСЭН БЭ?

-Би хүүхэд байхын загварын сонин сэтгүүл сонирхон хардаг байсан. Тэгээд ээж маань миний сонирхол дээр үндэслэн “Эмэгтэй хүн гэдэг утгаараа биеэ гоё авч явах хэрэгтэй” гээд “Торго“ модель агентлагт хөтөлж ирж байлаа. Тухайн үед би 16 настай байсан. Би Топ модель Г.Уранцэцэг багшийн шавь болсон. Тэр үед би лицей сургуулиа төгсч байсан учраас завгүй байдаг байсан. Тиймээс ч загвар өмсөгч гэдгээрээ ажиллаагүй. Харин миний мэргэжилтэй хосолсон зүйл бол мисс байсан.

АНХНЫ АМЖИЛТ

-Би анагаахын лицей сургуульд сурдаг байсан учраас миссийн тэмцээнд оролцож чаддаггүй байсан тухай ярьсан шүү дээ. Гэтэл дөрөвдүгээр курсийн өвлийн амралт эхэлсэн байхад манай найз намайг “Манжуурын мисс” тэмцээнд бүртгүүлчихсэн байсан. Удалгүй тэмцээн зохион байгуулагчдаас холбогдоод “Чамайг найз чинь бүртгүүлсэн юм. Шалгуулаад үзээч ээ” гэсэн. Тэгээд гэрийнхэндээ хэлэлгүй шалгуулаад үзсэн чинь үндэсний ялагчаар шалгарсан. Миний хичээлийн амралт таарсан байсан учраас тэмцээндээ оролцож, тусгай байрын шагнал, “Шилдэг үндэсний хувцас” номинаци анх удаа хүртсэн.

 “МОНГОЛЫН САЙХАН БҮСГҮЙ” ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦОЖ, ДЭД БАЙР ЭЗЭЛСЭН ТУХАЙГАА ЯРИХГҮЙ ЮУ?

 -Дараа жил нь миний зуны амралтаар "Монголын сайхан бүсгүй" тэмцээнийг зохион байгуулж таарсан. Тэр тэмцээнд өөрөө оролцох хүсэлтэй байсан учраас зориглон бүртгүүлсэн. Учир нь анхны тэмцээнээсээ урамыг авч, өөртөө боломж байгаа юм байна гэдгийг олж харсан. Тэмцээндээ ч амжилттай оролцож, дэд байрын шагнал хүртсэн. Тэргүүн титмийг мисс Э.Энхриймаа хүртсэн шүү дээ. Зохион байгуулагчдын хувьд оролцогч бүсгүйчүүдийн бичгийн хэвийг хүртэл харж байсан. Учир нь бичгийн хэв бас тухайн хүнийг илэрхийлдэг гэдэг шүү дээ. Миний хувьд багш нарыгаа их хүндэлж явдаг.

ГЭР БҮЛЭЭ БИДЭНД ТАНИЛЦУУЛАХГҮЙ ЮУ?

ъ-Манайх ам бүл зургуулаа. Би аав, ээж, гурван дүүгийн хамт амьдардаг айлын том охин. Манай аав үндэсний бөхийн тамирчин, Улсын начин С.Мандах гэж хүн байдаг. Харин ээжийг н.Отгонцэцэг гэдэг. Төрийн албан хаагч.

ЧӨЛӨӨТ ЦАГААРАА ЮУ ХИЙХ ДУРТАЙ ВЭ?

-Эмч мэргэжлээр суралцдаг учраас аль болох эрүүл дадал зуршилтай байхыг хичээдэг. Би өөрт тохирсон спортын төрлөө олох гэж фитнесс, усан сэлэлт, спиненгээр ч хичээллэж үзсэн. Тэр дундаас надад таарах төрөл бол иог байсан. Би чөлөөт цагаараа иог хийж, бясалгадаг. Иог хийгээд гурван жил болж байна.

ОЙРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ

-Мэдээж одоо төлөвлөж буй хамгийн том зорилго бол “Miss world-2019” тэмцээндээ амжилттай оролцож, эх орноо сурталчлах юм. Миний зүгээс хийж чадах бүх зүйлээ хийнэ. Цаашдаа мэргэжлээрээ мэдрэлийн эмчийн резидентээр суралцаж, ажиллана. Мэргэжлээрээ сайн суралцаж, олонд туслахын төлөө явна. Мисс гэдэг өргөмжлөл болохоос ажил биш шүү дээ. Би арваннэгдүгээр сарын 19-нд Монголоос нисээд, арванхоёрдугаар сарын 14-нд Англи улсын Лондон хотноо тэмцээний финал болно.

Дэлхийн миссийн тэмцээнд шалгарч байсан төслүүдийг судалж үзсэн. Тэгэхэд ихэвчлэн бүтээн байгуулалтын төслүүд шалгардаг юм билээ. Яагаад гэвэл богино хугацаатай учраас бүтээн байгуулалтын ажлыг хийх боломж их байдаг. Миний хувьд мэргэжилтэйгээ уялдуулахгүйгээр бүтээн байгуулалтын ажлыг хийж болно л доо. Гэхдээ эцсийн зорилго маань олон хүнд тусалж, амь насыг нь аврахыг хүсч буй. Тийм учраас эрүүл мэндийн чиглэлээр төслөө танилцуулах болно.

МИСС БҮСГҮЙН НУУЦЛАГ АВЬЯАСЫГ СОНИРХОЖ БОЛОХ УУ?

-Би морин хуур тоглодог. Тэгэхээр “Дэлхийн мисс” тэмцээний тайзан дээр ардын урлагаа сурталчилсан үзүүлбэрийг сонирхуулна даа.

ТАНЫ ИРЭЭДҮЙН ЗОРИЛГО, ХҮСЭЛ МӨРӨӨДӨЛ

-Би өөрийнхөө амьдралд хэт том зорилго тавьсангүй. Миний хувьд хайртай дотны хүмүүсээ өвтгөхгүй, өвдсөн ч гэсэн хүндрүүлэхгүй эмчилж чаддаг хүн нь баймаар байна. Мисс гэдэг утгаараа надад илүү их үүрэг хариуцлага нэмэгдэнэ. Тэрнээс биш би “Гавьяат эмч болъё” гэж бодоогүй.

Мэдээж энэ жилийн “Мiss world” тэмцээнд өмнө нь эх орноо төлөөлөн оролцсон миссүүдийнхээ амжилтыг үргэлжүүлэхийг хүсэлгүй яахав. Гэхдээ миний хамгийн том зорилго бол олон хүнд туслах юм. Би бүх чадлаараа тэмцээнд өрсөлдөнө.

Эх сурвалж: News.mn

Сэтгэгдэл бичих