Бөөрний өвчин хүйтний улиралд сэдэрдэг

Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн Бөөр-Дотоод шүүрлийн тасгийн эрхлэгч, анагаах ухааны магистр, клиникийн профессор Ц.Сарантуяатай ярилцлаа.

-Бөөр өвчилсөн үед ямар шинж тэмдэг илэрдэг вэ?

-Бөөр, шээсний замын халдварт өвчин нь манай оронд хүйтний улиралд болон ханиад томуу хүрсэн үед дахилт өгч сэдэрдэг. Ууц нуруугаар хөшиж өвдөх, шээс үнэртэй болж шээсний гарц багасах, хавагнах, даралт ихсэх, хүндэрсэн үедээ шээс хаагдах зэрэг шинж тэмдгээр илэрдэг. Архаг буюу цочмог явцтай байдаг учраас давсагны үрэвсэлтэй хавсарвал зовиур шаналгаа мэдрэгдэнэ. Энэ үед шээсний гарц илт багасаж, ойр ойрхон багаар гардаг бөгөөд шинжилгээний явцад цагаан эс ихсэх, бактери, уур болон улаан эс гарах зэрэг өөрчлөлтүүд гардаг. Бөөрний өвчин хүйтний улиралд сэдрэл их өгдөг нь машин тэргээр хол замд явах, доргилт авах, даарах, нимгэн хувцаслах зэргээс шалтгаалж байна.

БӨӨР, ШЭЭСНИЙ ЗАМЫН ХАЛДВАРТ ӨВЧИНӨНДӨР ХУВЬ ЭЗЭЛЖ БАЙНА

image

-Бөөрний өвчинд нөлөөлдөг бусад өвчнүүд байдаг уу?

-Нэгдүгээрт, чихрийн шижин өвчин. Энэ бол цусан дах сахарын хэмжээ ихэсч улмаар эмчилгээ хийгдэхгүй, сахарын хэмжээг өндөр байлгаж, эмчилгээний дэглэм бариагүйгээс үүдэн бөөрний хүндрэлийг өгч эхэлдэг. Хоёрдугаарт, артерийн даралт ихсэх өвчин нь бөөр өвдөхөд нөлөөлдөг. Эрүүл ахуйн дэглэм бариагүй, давс их хэрэглэх зэргээс шалтгаалан бөөр өвчлөх үндсэн нөхцөл болж байна. Мөн хэт их таргалалт, тамхи татах, архи уух зэрэг амьдралын буруу хэвшил нь бөөр өвдөх эрсдлийг нэмэгдүүлдэг.

ОХИД БӨӨР, ШЭЭСНИЙ ЗАМЫН ХАЛДВАРТ ӨВЧНӨӨР ЗОНХИЛЖ ӨВДДӨГ

-Иргэд энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар ямар ойлголттой байдаг вэ?

-Энэ талын ойлголт маш дутмаг. Зөвхөн бөөр гэлтгүй бусад өвчний үед дийлэнх хүмүүс тухайн өвчнийг хүнд шатанд орсон үед нь эрүүл мэндийн байгууллагад ханддаг байдал байсаар байна. Иргэд тухайн оршин сууж байгаа хороо, дүүргийнхээ эмч нараас урьдчилан сэргийлэх талаар асууж лавлан, үзлэг, шинжилгээнд хамрагдаж байвал ямар нэгэн өвчнийг эрт үед нь илрүүлэх чухал алхам болно.

Бөөрний өвчнийг эрт үед нь хэрхэн мэдэх вэ?

-Хамгийн түрүүнд шээсний гарц ховордох, бөөр, нуруугаар өвдөх зэрэг шинж тэмдэг илэрдэг. Хэрвээ эдгээр шинж тэмдэг ажиглагдвал эмнэлгийн байгууллагад яаралтай хандах хэрэгтэй.

-Жилд дунджаар хичнээн хүн өвчин хүндэрсэн үед эмчид ханддаг вэ?

-Жилээс жилд бөөрний өвчлөл нэмэгдэж байна. Чихрийн шижин өвчний хүндрэлээс шалтгаалан бөөр өвдөх тохиолдол эрс ихсэж байна. Өөрийн биеийг хайхралгүй орхих, буруу хооллолт зэрэг нь өвчлөхөд нөлөөлж байгаа.

-Эрүүл мэндийн байгууллагын зүгээс урьдчилан сэргийлэх зорилготой сургалт, семинарыг зохион байгуулдаг уу?

-“Дэлхийн бөөр хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан жил бүр эрүүл мэндийн боловсрол олгох сургалтыг зохион байгуулж гарын авлага, нэмэлт материалыг бэлтгэж хүмүүсд хүргэдэг. Түүнчлэн өвчний тархалтыг зогсоох, эмчилгээг үр дүнтэй болгоход чиглэсэн эмч нарын чадварыг дээшлүүлэх сургалт, семинар тогтмол зохион байгуулагддаг.

Эх сурвалж:Мэдээ.мн

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

tumee - 66.181.164.1712019-10-04 08:08:45

Amjilt husie