Ш.Энхийн-Од анхны албан ёсны саналаа хүлээн авчээ

Монгол Улсын Гавьяат тамирчин Ц.Шаравжамцын бага хүү Ш.Энхийн-Од АНУ-ын зүүн Вашингтоны их сургуульд суралцах албан ёсны санал хүлээн авчээ. Энэ талаар түүний аав Гавьяат тамирчин Ц.Шаравжамц өөрийн фэйсбүүк хуудаснаа нийтлэхдээ “Ирэх долоо хоногт АНУ-ын “Eastern Washington University” суралцах Энхүүлэйгийн анхны албан ёсны санал ирэх нь ээ. Энэ сургуульд би 1998 онд суралцангаа алдаад больсон юм. “Азарганы хүрээгүйд унага хүрдэг. Аавын чадаагүйг хүү нь гүйцээдэг” гэдэг. Аав нь маш их баяртай байна. Өөр “Baylor University” болон “Ohio State University” гэсэн хоёр ч их сургуулиас сонирхож байгаа. Цаашид өөр их сургуулиудаас санал ирнэ гэдэгт итгэлтэй байна. Миний хүү мундаг шүү. Зүтгээд л байгаарай” гэжээ.

Монголын сагсан бөмбөгийн шинэ од Ш.Энхийн-Од өнгөрөгч наймдугаар сарын 12-18-ны өдрүүдэд Япон улсын Токио хотноо зохион байгуулж буй өсвөрийн шилдэг тамирчдын Ази тивийн цугларалтад Монгол Улсаа төлөөлөн амжилттай оролцсон юм.

Дэлхийн мэргэжлийн сагсан бөмбөгийн ноён оргил “NBA”, улс бүрийн бахархал болсон шигшээ багуудын тэмцээнүүдийг зохион байгуулж олон улсад сагсан бөмбөгийг хөгжүүлэх төв байгууллага болох "Олон улсын сагсан бөмбөгийн холбоо-FIBA" хамтран өсөх ирээдүйтэй шилдэг тамирчдын дунд "Basketball without borders” хөтөлбөр, кэмпийг зохион байгуулдаг байна

Улаанбаатар хотноо өнгөрөгч зургадугаар сард зохион байгуулсан "FIBA 3×3 U18 World Cup"-д Монгол Улсын баг амжилттай оролцож, Ш.Энхийн-Од Олон улсын түвшинд “FIBA”-гийн мэргэжилтнүүдийн анхааралд өртөн энэ кэмпэд оролцох урилгыг гардан авчээ.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

Baatar - 178.243.34.153Өчигдөр

Amjilt khusie. Chamaig mash ikh ireedui khuleej bga shuu.