Урд хормойгоороо, хойд хормойгоо нөхөхөөс өөр сонголтгүй "Төр"

   Сонгууль дөххөөр дарга нар, ард түмэндээ жигтэйхэн хайртай болдогсон. Тэр цаг удахгүй. Харин сонгуулийн маргааш амьдрал үргэлжилдгээрээ үргэлжилж, үлгэрийн мэт мөрийн хөтөлбөрөө барьсан улс төрчид, ширээ сандлын асуудлаа шийдэж ядсаар, тэр хөтөлбөр цаасан дээрээ хуучирдгийг мөн шийдэл хүлээсэн асуудлууд  эдийн засагт тулгамдсан хэвээрээ байдгийг хэн хүнгүй л мэднэ. Тиймээс сонгуулийн жилийн төсвийг хэр хэмжээнээсээ данхайлган баталж, үр өгөөжгүй, өр нэмсэн зүйлсэд зарцуулдаг муу жишгээ хийсгэх цаг болсныг ярилцах нь зүйтэй байх. ОУВС-гийн Захирлуудын зөвлөл энэ сарын 17-нд  Монгол Улсад хийгдсэн зөвлөлдөх хэлэлцээрийг дүгнэхдээ болж бүтэж буй асуудлуудыг тодотгосны сацуу төсвийн бодлогыг чанга хэвээр хадгалж, улсын өрийг зохих түвшинд хадгалах ёстойг цохон тэмдэглэсэн. Тодруулбал, сонгуулийн жилийн  төсвийн зардлыг зохист түвшинд барихын сацуу илүү хараат бус Төсвийн зөвлөлтэй болгохыг уриалж буй юм.

      Өнөөдрийн байдлаар УИХ тарах уу, үгүй юу  гэдэг асуудал олны анхаарлыг татаад байгаа. Гэхдээ яасан ч байсан ирэх оныхоо төсвийг энэ УИХ хуульчилж батлах л байх. Тэгвэл одоогоор сонгуулийн жилийн төсвийн зарлагыг өмнөх жилээс 1.6 их наяд төгрөгөөр өсгөх эхний тооцоолол байгааг санах хэрэгтэй байх. Засгийн газраас төсвийн алдагдлыг 2020 онд өндөр хэвээр буюу өмнөх оны төвшнөөс нэмэгдэж 2.1 их наяд төгрөг байхаар төлөвлөсөн. Түүнчлэн төсвийн нийт зарлага өмнөх оноос 1.6 их наяд төгрөгөөр, хөрөнгийн зарлага өмнөх оноос 250 тэрбум төгрөгөөр өсөх тооцоололтой байна. Харин 2021 оноос эхлэн төсвийн алдагдлыг бууруулж 1.3 их наяд төгрөг, 2022 онд 729 тэрбум төгрөг болохоор тооцжээ. Уг нь эдийн засагчдын хэлж буйгаар эрх баригчид 2020 оноос эхлэн тулгарах гол сорилтуудаа шийдвэрлэхийн тулд бүсээ чангалсан бодлого барих нь зөв.

      Засгийн газрын баталгаа гаргасан бондын эргэн төлөлт  ирэх тавдугаар сард хийгдэх бол наймдугаар сард Төв банк хоорондын мөнгөн тэмдэгт солилцох своп хэлцлийн хүрээнд авч ашигласан свопын эргэн төлөлтийн хугацааг сунгах асуудал бас  хүлээж буй. Тэгээд болоогүй 2021 оноос эхлээд их өрийн эргэн төлөлтийн дөрвөн жил биднийг хүлээж байгаа. Монгол Улсын бодит боломж нөхцөл өрөө төлөх эх үүсвэргүй учраас өрөө өрөөр дахин санхүүжүүлэхээс өөр сонголтгүй.  Өөрөөр хэлбэл Урд хормойгоороо, хойд хормойгоо нөхдөг л гэсэн үг. Ийм байдалд байгаагаа мэдсээр байж сонгууль угтан хөөсөрсөн төсөв батлах нь тэрхэн үедээ л эдийн засгийн идэвхжилд нөлөөлж болох ч хэтдээ  асуудлуудыг илүү хүндрүүлнэ гэдгийг эрх баригчид ойлгодог болов уу.         Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өнгөрсөн 2018 оны төсвийн гүйцэтгэлээ дүгнэхдээ  сахилга бат сайжирсан гэж байсан. Яг л энэ хэв маягаараа уршилвал уг нь  болохгүй юмгүй баймаар. Төсвийг эхлээд батлахдаа л алдагдлыг нь хоёр их наяд төгрөг шүргүүлчихаар угаасаа тодотгох боломж улс төр, эдийн засгийн аль ч агуулгаар гардаггүй нь бас анзаарагдаж буй. Ер нь төсвийг тодотгоно гэдэг бол орлого хийгээд зарлагаа зөв тооцож чадахгүй байгаагийн уршиг гэдэг. Жил бүр төсвөө баталдаг жишгээр мэдээж 2020 оны төсөв батлагдах нь мэдээж. Гол нь бид асуудлаа үндсээр нь харах хэрэгтэй л дээ. Төсөв батлах, татвар тогтоох, мөнгөний бодлого тодорхойлох зэрэг санхүүгийн олон үйл явцыг гардаж буй улс төрчдийн шийдвэр гаргах тоглоомын дүрмийг Үндсэн хуулийн төвшинд тогтоох ёстой гэсэн үзэл баримтлал Үндсэн хуулийн эдийн засгийн онолд бийг энэ ташрамд сануулах нь илүүдэхгүй байх.

     Учир нь маргааш үр өгөөж дагуулах Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хийж чадах уу гэдэг асуудал өнөөдрийн чухал сэдвүүдийн нэг юм. Ер нь Үндсэн хуулийн онолоор төрийн эрх мэдлийг хязгаарлах боломжууд байгаа гэж судлаачид хэлдэг. 

       Тэгвэл Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд шигшигдэж үлдсэн асуудлуудыг тодотгохдоо “Гишүүдийн төсвийн эрх мэдлийг хязгаарлахаар  тусгасан. Засгийн газрын мэдүүлсэн төсвийн төслийг орлого, зарлагын хувьд бүтцийн өөрчлөлт хийж болно. Гэхдээ төсвийн алдагдал, төсвийн зарлага нэмэгдүүлэхийг хориглоно гэсэн заалт орсон” гэж байна лээ. Түүний хэлж яриад буй энэ өөрчлөлтийг заалт хэлбэрээр нь тодотговол:

     “Төсвийн талаарх Улсын Их Хурлын бүрэн эрхийг хязгаарлах, төрийн санхүү, төсвийн хараат бус хяналтыг төлөвшүүлэх гэсэн чиглэлд: Төрийн санхүү, зээл, албан татвар, мөнгөний бодлого, улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлого, үндсэн чиглэлийг тодорхойлж, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, улсын төсөв, түүний гүйцэтгэлийн тайланг батлах. Улсын төсвийг хэлэлцэн батлахдаа Засгийн газрын зөвшөөрөлгүй зардлын шинэ төрөл үүсгэж, зарлага нэмэгдүүлэхгүй. Төрийн санхүү, төсвийн хяналтыг хараат бусаар хэрэгжүүлэх байгууллагын бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно” гэсэн заалт байгаа юм.

Үнэхээр ингээд Үндсэн хуульдаа тусгаад, шигтгээд, хуульчлаад баталчихвал сайн л байна.

    Үндсэн хуульдаа ийм маягаар албан ёсоор зааж өгснөөр, жил бүр алдагдалтай төсөв баталж, жилээс жилд өр нэмдэг УИХ-ын бүрэн эрхийг хазаарлах  зохицуулалт болж болох л юм. Гэхдээ нөгөө талаас Засгийн газар нь эхнээсээ өөрөө их өндөр зарлага тооцож оруулж ирлээ гэхэд зохист төвшинд барихын тулд парламентаас гадна өөр бүтэц анхаарал хандуулах ёстой юу гэдэг асуудал бас бий.


Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

baagii - 202.179.27.1092019-09-24 10:12:50

төсөвөө зөв зарцуулж сурмаар байгаа юм даа