Монгол улсын ерөнхийлөгчийн БНЭУ-д хийсэн айлчлал өнөөдөр дууслаа

    Бүгд Найрамдах Энэтхэг улс /БНЭУ/-д айлчилж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын айлчлал өнөөдөр дуусаж байна. Тэрбээр айлчлалынхаа үеэр тус улсын Сансар судлалын байгууллагад зочилж Энэтхэг улсын  сансрын уудамд ажиллах туршлага, мэдлэгээ харамгүй хуваалцаж хамтран ажиллахаар болсон юм.  Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын айлчлалын үеэр зурагдсан чухал баримт бичгүүдийн нэг нь Сансрын уудмыг энхийн зорилгоор судлах, ашиглах чиглэлээр хамтран ажиллах тухай хэлэлцээр байсан гэдгийг тодотгож, хэлэлцээрт тулгуурлан илүү ойр дотно харилцаатай ажиллахыг ноён К.Сиванаас хүсэв.


     Мөн тэрбээр БНЭУ-ын тэргүүлэх компаниудаар зочилсон юм. Энэ үеэр БНЭУ-ын нарны эрчим хүчний “Тата Пауэр Солар” болон технологийн “Инфосис” компанийн үйл ажиллагаатай танилцаж, удирдлагуудтай нь уулзаж ярилцав.
    Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа компани нь нарны эрчим хүч үйлдвэрлэл, байшингийн дээврийн чанартай нарны панел үйлдвэрлэл, угсралтаар улсдаа тэргүүлдэг бөгөөд улсынхаа 13 мужид 2.7 гигаватт хүчин чадал бүхий сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг суурилуулж, 100 гаруй байгууллагын эрчим хүчний хэрэгцээг хангадаг байна.Монгол Улсын Ерөнхийлөгч “Тата Пауэр Солар” компанийн удирдлагуудтай уулзах үеэрээ Зүүн хойд Азийн эрчим хүчний супер сүлжээ санаачилга болоод энэ санаачилгад компани ямар оролцоо, хамтын ажиллагаатай байж болох талаар дэлгэрэнгүй ярилцсан юм.
    Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 1981 онд байгуулагдсан Нью Йоркийн хөрөнгийн биржид бүртгэлтэй зөвлөгөө, мэдээллийн технологийн дэлхийн хэмжээний 228 мянга гаруй ажилтантай “Инфосис” компанид зочилж, хамтран ажиллах асуудлаар санал, бодлоо солилцов.
Энэ компани анх 250 ам.долларын үндсэн хөрөнгөтэй байсан бол 2019 оны байдлаар 11.8 тэрбум ам.долларын хөрөнгөтэй болж өргөжин тэлжээ.
    Өдгөө дэлхий даяар хэд, хэдэн хөтөлбөр хэрэгжүүлж байгаа бөгөөд хөтөлбөрийн хүрээнд Монгол залуусыг дэлхийн томоохон компанид ажиллах ур чадвартай боловсон хүчин болгон бэлтгэх асуудлаар санал солилцлоо.
Монгол улсын ерөнхийлөгчийн БНЭУ-д хийж буй айлчлал өнөөдөр өндөрлөж байгаа юм.

Сэтгэгдэл бичих