"133 дугаар сургуулийн 1,800 гаруй хүүхэд 4 ээлжээр хичээллэж байна"

Баянзүрх дүүргийн 133 дугаар сургуульд дөрвөн ээлжээр хичээллэж, Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж чадахгүй байгаа тухай тус сургуулийн эцэг эхчүүдийн төлөөлөл өнөөдөр мэдээлэл хийлээ.

Нийт 1,800 гаруй хүүхэдтэй 133 дугаар сургуулийн сурагчид одоогоор "Монгол тэмүүлэл" сургуулийн 1,2 дугаар давхарт дөрвөн ээлжээр хоёр, хоёр цаг хичээллэдэг аж.

Энэ талаар 133 дугаар сургуулийн сурагчдын эцэг, эхийн төлөөлөл Б.Батдэлгэр хэлэхдээ “Манай 26 дугаар хороонд улсын гэх тодотголтой ганцхан сургуультай ч “Монгол тэмүүлэл” хэмээх сургуультай хамт нэг байранд зэрэгцэн хичээллэж байна. Манай хүүхэд энэ жил нийслэлийн 133 дугаар сургуулийн  нэгдүгээр ангид элсэн орж дөрвөн ээлжээр хичээллэж байна. Уг нь нэгдүгээр ангийн хүүхэд 4-5 цаг хичээл үзэх ёстой ч анги танхимд хүүхдүүд хүрэлцэхгүйн улмаас хоёрхон цаг хичээллэж, Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж чадахгүйд хүрч байгаа юм. Тиймээс манай хорооны эцэг эхчүүдийн төлөөлөл бид өнгөрсөн хавраас эхлэн “Монгол тэмүүлэл” сургуулийг өөр газарт нүүлгэж, сургуулийн байрыг 133 дугаар сургууль эзэмших ёстой гэсэн шаардлага тавьж байна.

Хэрэв “Монгол тэмүүлэл” сургуулийг нүүлгэвэл 133 дугаар сургуулийн хүүхдүүд хоёр ээлжээр хичээллэх боломжтой. Харин үүнийг “Монгол тэмүүлэл” сургуулийн сурагчдын эцэг эх эсэргүүцэж байгааг ойлгохгүй байна. Тус сургуулийн 200 гаруй сурагчид зөвхөн манай хороонд харьяалагддаггүй, нийслэлийн бүх дүүргээс ирж суралцаж байгаа шүү дээ” гэлээ. Харин багш нарын зүгээс “Монгол тэмүүлэл” сургуулийн багш нартай талцаж муудалцсан асуудал байхгүй ч дөрвөн ээлжээр хичээллэж буй хүүхдүүдийн асуудлыг шийдвэрлэх ёстой хэмээн үзэж байгаа аж.

Баянзүрх дүүргийн 133 дугаар сургууль нь хэдийгээр төрийн өмчийнх боловч өөрийн гэсэн байргүйн улмаас сурагчид дөрвөн ээлжээр хичээллэх болжээ. Учир нь тус сургууль “Монгол тэмүүлэл” хэмээх сургуультай нэг байранд зэрэгцэн хичээллэх болоод дөрөв дэх жилийн нүүрээ үзэж буй юм байна.

Энэ асуудлыг шийдвэрлэхээр БСШУСЯ-наас ажлын хэсэг байгуулагдаж, улмаар сайдын тушаал гарсан байна. Уг тушаалд “Барилга түрээслэх тухай” 2019 оны А/522 дугаар тушаалын хоёрдугаар хавсралтаар баталсан “Иргэн аж ахуйн нэгж байгууллагын өмчлөлийг барилгыг түрээслэн сургалтын үйл ажиллагаа явуулах ерөнхий боловсролын сургуулийн жагсаалт”-аас 133 дугаар сургуультай холбогдох хэсгийг бүхэлд нь хассугай” хэмээжээ. Гэвч сургуулийн насны 5600 гаруй хүүхдүүдийн асуудлыг шийдвэрлэхэд “Монгол тэмүүлэл” сургуулийн 200 гаруй сурагчдын асуудал хөндөгдөх үү гэдэг асуудал маргаантай хэвээр байгаа юм.


Сэтгэгдэл бичих