Хөгжлийн бэрхшээлтэй 20 хүүхдэд сэргээн засах үйлчилгээ үзүүлэв

Ховд аймгийн хэмжээнд 600 орчим хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд бий. Үүнээс 300 гаруй хүүхдэд  Халамжийн сангаас тэтгэмж, хөнгөлөлт олгодог аж.

Харин Ховд аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газраас жил бүр зорилтот бүлгийн асаргаа, сувилгаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй иргэн, саажилттай хүүхдэд нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлдэг.

Өнгөрсөн онд 15 хүүхдийг сэргээн засах үйлчилгээнд хамруулсан. Тэгвэл энэ удаа олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ үзүүлэх эрх авсан “Ивээл” эмнэлэгтэй хамтран ажилласнаар найман сумын зорилтот бүлгийн хөгжлийн бэрхшээлтэй 20 хүүхдийг сэргээн засах 10 хоногийн үйлчилгээнд хамрууллаа.

Сэргээн засах  үйлчилгээний  дагуу сүүн ба тосон бариа, зүү, бумба тавих, хөдөлгөөн засал, цахилгаан эмчилгээ хийжээ.   

Ирэх аравдугаар сард энэ төрлийн үйлчилгээнд зорилтот бүлгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ахмад настанг хамруулна гэж албаны эх сурвалж хэллээ.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд эмийн эмчилгээнээс гадна уламжлалт, нөхөн сэргээх эмчилгээ чухал үр дүнтэй болохыг эмч мэргэжилтнүүд онцоллоо. 

Сэтгэгдэл бичих