Энхийг сахиулагчид Жанжин тугандаа хүндэтгэл үзүүллээ

Бүгд Найрамдах Өмнөд Судан улсад явагдаж байгаа НҮБ-ын мандаттай энхийг сахиулах "UNMISS" ажиллагаанд үүрэг гүйцэтгэх Монгол Улсын Зэвсэгт хүчний IX ээлжийн мотобуудлагын батальон ажиллагааны өмнөх бэлтгэл сургалтаа хангаж дуусаад өдгөө газар орныг зориход бэлэн боллоо.

Хурандаа Д.Баттүвшин захирагчтай тус батальоны монгол цэргийн оройн дээд шүтээн Жанжин туганд хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагаа энэ сарын 18-нд боллоо.

Ёслолын арга хэмжээнд Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж, ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга, хошууч генерал Р.Сүхбат тэргүүтэй БХЯ, ЗХЖШ, төрлийн цэргийн командлал, ХХЕГ, ТЕГ, Дотоодын цэргийн штабын удирдлагууд, энхийг сахиулагчдын ар гэрийн төлөөлөл оролцсон юм. БНӨСУ дахь НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний мотобуудлагын батальон 2012 оноос эхлэн үүрэг гүйцэтгэж эхэлсэн бөгөөд энэ цаг үед гэхэд хурандаа Д.Жавхланбаяр захирагчтай наймдугаар ээлжийн мотобуудлагын батальон ажиллагааны газар оронд үүргээ амжилттай гүйцэтгэж байна.

Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж энхийг сахиулагчдад хандаж хэлсэн үгэндээ "Монгол Улсын Зэвсэгт хүчин хуулиар хүлээсэн үндсэн чиг үүргийнхээ зэрэгцээ даян дэлхийн энх тайван аюулгүй байдлыг сахин хамгаалах, бэхжүүлэх ариун үйлсэд эх орон ард түмнээ төлөөлөн оролцож Монгол Улсынхаа нэр хүндийг дэлхийн тавцанд өргөн мандуулж, Зэвсэгт хүчнийхээ түүхийн хуудсыг улам бүр баяжуулсаар байна.

Газар зүй, байгаль цаг уурын ямар ч хүнд нөхцөлд манай цэргийн алба хаагчид нэгдмэл санаа зорилго, чанд сахилга баттай байж, үүрэг гүйцэтгэлтээрээ гайхагдаж байгаад салбарын дэд сайд хувьд маш их баяртай байдгаа энэ дашрамд хэлье. Бусад орны цэргийн алба хаагчдад мэргэжил, ур чадвараараа хүлээн зөвшөөрөгдөж, үлгэр дуурайлал болж байгаа энэ сайхан замналыг та бүхэн нэр төртэй авч явна гэдэгт итгэлтэй байна. Эх орныхоо захиас даалгаврыг биелүүлэхээр хөлгийн жолоо залах гэж байгаа хүүгийнхээ, ханийнхаа, аав ээжийнхээ бат найдвартай ар тал болсон ар гэрийнхэнд нь чин сэтгэлийн талархал илэрхийлье" гэсэн юм.

Ташрамд онцлоход, ажиллагааны газар орныг зорих гэж байгаа тус батальоны бүрэлдэхүүний 40 гаруй хувь өмнө нь энхийг сахиулах үүрэг гүйцэтгэж байсан туршлагатай аж. Тэд удахгүй ажиллагааны газар орныг зорино.

Сэтгэгдэл бичих