“Хүүхдээ үл ойшоох нь хүчирхийллийн нэг хэлбэр”

    ДЭМБ-ын Женев дэх төвийн Эрүүл мэндийн нийгмийн үзүүлэлтүүдийн асуудал хариуцсан газрын захирал Етиенне Кругаар ахлуулсан зөвлөх баг Монгол улсад 2019 оны есдүгээр сарын 16-20 өдрүүдэд ажиллаж туршлагаасаа хуваалцахаар хүрэлцэн иржээ. Энэ ажлын хүрээнд өнөөдөр “Хүүхдийн хүчирхийллийн эсрэг эрүүл мэндийн салбарын хариу арга хэмжээ, дэмжлэг үзүүлэх ДЭМБ-ын заавар”-ыг танилцуулах хурал зохион байгууллаа.

Хурлаар Монгол Улсын осол гэмтлийн шалтгаант өвчлөл, нас баралтын тандалтын тайланг танилцуулав. Тайланд дурдсанаар Монгол улсад өдөр бүр 7-8 хүн осол гэмтлийн шалтгаанаар нас бардаг ба үүний тэргүүлэх нэгэн шалтгаан нь хүчирхийлэл гэв.

ДЭМБ-ын Женев дэх төвийн Эрүүл мэндийн нийгмийн үзүүлэлтүүдийн асуудал хариуцсан газрын захирал Етиенне Круг “Дэлхий дахинд хоёр хүүхэд тутмын нэг нь хүчирхийлэлд өртөж байна гэсэн судалгаа бий. Энэ нь бидний ойлгодог бэлгийн болон биеийн хүчирхийллээс гадна хүүхдээ үл хайхрах нь хүртэл хүчирхийллийн нэг хэлбэр юм. Багадаа хүчирхийлэлд өртсөн хүүхэд сэтгэцийн асуудалтай болж архи, тамхинд орох зэрэг муу зуршилд автах хор хөнөөлтэй.



Хүн бүрийн оролцоо чухал


    Хүүхдийн эсрэг хүчирхийллийг бууруулахын тулд  ДЭМБ, НҮБ-ын бусад агентлагуудтай хамтран хүүхдийн эсрэг хүчирхийллийг бууруулах долоон стратеги гаргасан. Үүнд хууль тогтоомж сайжруулах, хүүхдэд дэмжлэг өгөх орчин бий болгох, эмнэлэг, цагдаа гэлтгүй бүх байгууллагууд үүн дээр хамтран ажиллах шаардлагатай. Мөн хүүхэд хүчирхийлэлд өртсөн тохиолдлыг эрт илрүүлж, хүндрэхээс сэргийлж арга хэмжээ авч эмнэлгийн болон сэтгэлзүйн тусламж үйлчилгээ үзүүлэх шаардлагатай. Энэ бол зөвхөн сургуулийн нийгмийн ажилтны үүрэг биш. Хүн бүрийн оролцоо чухал” гэв.

Хүүхдийн эсрэг хүчирхийлэл зөвхөн манай улсад тулгамдаж буй асуудал биш бөгөөд дэлхий нийтээр энэ асуудалд анхаарал хандуулан ажиллаж байгаа юм.

Етиенне Кругаар ахлуулсан зөвлөх баг энэхүү дөрөв хоногийн хугацаанд Эрүүл мэндийн Сайд Д.Сарангэрэлд бараалхаж манай орны нийгмийн өмнө тулгамдаж буй асуудал болох осол гэмтэл, хүүхдийн хүчирхийллийн эсрэг эрүүл мэндийн салбарын хариу арга хэмжээ авах талаар ярилцана. Мөн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд зочилж “Хүүхдийн хүчирхийллийг таслан зогсоох 7 стратеги”-ийн хэрэгжилттэй танилцаж, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн удирдлагуудтай албан ёсны уулзалт хийхээр төлөвлөсөн байна.

Сэтгэгдэл бичих