Эх орны хөрсөнд ургасан эрүүл ногоогоор “Алтан намар” өөрийгөө чимжээ

Намрын налгар өдрүүд үргэлжилсээр.......

    Алтан намар үзэсгэлэн худалдаа  эхэлж байгаа гэсэн мэдээллийн дагуу бид “Мишээл Экспо” төвийг зорилоо. Үүднээс нь эхлээд л битүү түгжирчээ.  Монгол орны минь өнцөг булан бүрээс  цугласан ногоочид төрөл бүрийн жимс ногоог нүд эрээлжлэм олон төрлөөр нь өрсөн нь хараа булаам. Цагаан асар дор аймаг аймгийнхаа нэрийг байрлуулсан ногоон халаадтай ногоочид их л завгүй харагдана.

    Эхний эгнээгээр явлаа. Чацаргана жимсний хурц болоод нэг л дотно үнэр намайг Увс аймгийн Улаангом сум гэсэн асар доор авч ирлээ. Алаг салаат, дарсан огурцы, Чинжүү, сүлжээстэй Монгол сармис, үхрийн нүдний бариан, төмс лууван гээд л төрөл төрлөөр нь өрсөн байв. Энэ дунд өнөөх сайхан үнэрний эзэн чацаргана жимсний өтгөрүүлсэн шүүсийг савлан тавьсан байлаа. Худалдагч эмэгтэй эелдгээр амсаж үзэхийг хүсэв. Би яахан дургүйцэх билээ. Ам чимчгэнүүлсэн үнэхээрийн сайхан амттай юм. Энэ л амтыг маш олон хүн амтлаасай гэсэн бодол төрснийг нуух юун.

    Увс аймгийн Улаангом сумын аварга ногоочин Г.Оюунгэрэлээс  үзэсгэлэнд хэчнээн төрлийн ногоотой ирсэн талаар асуухад тэрбээр “Бид тавуулаа нийт 10 тонн төмс хүнсний ногоо, жимстэй ирсэн. Би 31 дахь жилдээ газар тариалангийн салбарт ажиллаж байна. Бүх төрлийн төмс хүнсний ногоог ямар нэг химийн бордоо ашиглахгүйгээр Дээхэн үед тариалж байсан тэр л аргаар буюу өөрсдийн гараар  ямар нэг техник хэрэгсэл ашиглахгүйгээр тарьдаг. Манай аймгийн хувьд цаг агаарын маш хүйтэн болон халуун цэгт оршдог. Хөрсний үржил шим сайтай. Ногооны хувьд амт чанар ч сайн. Мэдээж бордоогүй учраас хадгалалт сайн даадаг гэх мэт олон зүйл онцлогтой. Мөн цэвэр чацаргана жимсийг шахаж савласан чацарганын шүүсийг авч ирсэн. Ханиад томуунаас сэргийлэх, дархлаа сайжруулах зорилгоор ууж хэрэглэж болно.  Увсын чацарганын шүүс гэхээр худалдан авагчид маш дуртай авч байна.  Захиалга ч их байдаг шүү.  Ямартай ч өөрсдийн зуны турш хийсэн хөдөлмөрөө Улаанбаатар хотын ард иргэддээ хүргэхээр 1500км замыг туулж энэхүү үзэсгэлэнд оролцохоор ирлээ” гэсэн юм.





 Эхнээсээ л хурдан үзэх гэсэн хүсэл намайг дараагийн асарлуу яаруулав.

    Зөгийн балыг шил шилээр нь эгнүүлэн өржээ. Тэр дунд бүр зөгийний үүртэй нь цуг авч ирсэн харагдав. Энэ бол Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын ногоочин Ц.Оюунтуулын зөгийн бал аж. Тэрбээр хэлэхдээ “Би “Шар доктор” нэртэй зөгийн балтай ирсэн. Манай зөгийн бал нь дархлаа сайжруулах, Уургийг нөхөх зэрэг олон онцлогтой экологийн цэвэр бүтээгдэхүүн юм. 100гр 20000 төгрөгийн үнэтэйгээр худалдаалж байгаа. Энэхүү үзэсгэлэнд бид 100 гаран хил балтай ирсэн. Мөн цэцгийн тоосонцрыг ч авч ирсэн. Иргэд маш их сонирхож байна” гэв.



Сонирхуулахад Сэлэнгэ аймгийн Шаамар суманд 3000 гаруй төрлийн балт болон эмийн ургамал ургадаг. Тэгэхээр зөгийн балны хувьд маш олон нэр төрөл байдгаараа онцлогтой гэнэ.

    Уруул дурлам сайхан амтыг мэдэрсээр цааш явхад Хөвсгөл аймгийн Рашаант сумын ногоочин Т.Цэцэгмаа гуай бидний тэр бүр мэдэхгүй хэд хэдэн ургамлуудыг  өрсөн харагдлаа. Түүнээс бүтээгдэхүүнийх нь талаар сонирхон асуухад тэрбээр  “Би энэ удаагийн үзэсгэлэнд  Байгалийн эмийн ургамлуудтай  ирсэн. Хар манжин, Булцуут цэцэг, Нохойн хошуу, шош, гэх зэрэг олон төрлийн ургамлууд байна . Булцуут цэцэг нь 28 төрлийн амин дэм, 32 төрлийн химийн элементийг өөртөө агуулдаг бөгөөд ийм өргөн баялаг найрлагатай ургамал байдаггүй.. Тиймээс энэ ургамлыг чихрийн шижин өвчинд сайн хэмээн хэдэн зууны тэртээгээс өнөөг хүртэл хэрэглэсээр ирсэн.Эрэлт ч их байдаг. Эмээ нь хамгийн анх  13 настай ногоочин болж байлаа. 53 дахь жилдээ ногоо тарьж байна. Булцуут цэцгийг тариалаад гурван жил болж байгаа. Маш олон хүмүүс иржээ. Мэргэжил нэгт нөхөдтэйгөө нэг дор цуглаж, бүтээгдэхүүнүүдийнхээ тухай туршлага солилцож байгаадаа баяртай байна” гэлээ.

Алтан намар үзэсгэлэн худалдаа нь 16 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэ жилийн хувьд “Атрын” 60 жилийн ойд зориулан зохион байгуулж буйгаараа онцлог аж.

   

     Нийслэлийн хүнс хөдөө аж ахуйн газрын мэргэжилтэн Д.Зандармаагаас үзэсгэлэнгийн талаар мэдээлэл авлаа. Тэрбээр хэлэхдээ “Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Алтан намар” үзэсгэлэн худалдаа маань эхэллээ. Энэ жилийн арга хэмжээнд 18 аймгийн 20 гаруй сумын 250 гаруй ногоочид оролцож байна. Үүн дотроо дөрвөн том олон улсын байгууллагын төсөл, 30 гаруй бүлэг хоршоод, хүнсний ногоо болон байгалийн жимс гэх  мэт бүтээгдэхүүнийг борлуулж байгаа юм.  Одоогийн байдлаар нийт 1250 тонн ногоог авч ирээд байна. Үйл ажиллагааны зорилго нь нийслэлийн иргэдээ эрүүл, Монгол улсынхаа өнцөг булан бүрийн шимт хөрсөнд тарьсан шинэхэн хүнсний ногоо жимс жимсгэнээр хангахад оршино.  Иймээс иргэд та бүхнийг үндэснийхээ үйлдвэрлэлийг дэмжиж, гаднаас орж ирсэн ногоог биш, эх орондоо үйлдвэрлэсэн экологийн цэвэр бүтээгдэхүүнийг худалдан аваарай гэж уриалмаар байна. Манай үзэсгэлэнд өргөнөөр оролцохыг хүсье” гэв.

Хүн бүрийн дуртай амтлаг тарвасыг тонн тонноор нь Ховд болон Хэнтий аймгаас авч иржээ.

    Хэнтий аймгийн Дэлгэрхаан сум гэсэн асар дээр зочиллоо. Ховд аймгийн уугуул Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын тариаланч  Х.Сивит энэхүү тарвасыг тарьжээ. Мөн адил өөрийн бүтээгдэхүүнийхээ талаар ярихдаа  “Манайх нийт  20 тонн тарвастай ирсэн. Дээр нь Амтат гуа 1тонн байгаа. Үүний дотроос элэг цэвэрлэх тарвас хэмээх шинэ соортыг авч ирсэн. Үүгээрээ онцлог. Энэхүү тарвас нь элэгний вирусийг устгах үйлчилгээтэй. Энэ тарвасыг авах хүсэлтэй хүмүүсийн захиалга өдөр бүр ирдэг. Нийт 1га газарт  тарвас тариалдаг. Дөрвөн жилийн өмнө Ховд аймгаас Хэнтий аймгийн Дэлгэр Хаан суманд тарвасаа нутагшуулж тарьж эхэлсэн. Амт чанарын хувьд үнэхээр ярих зүйлгүй. Учир нь Дэлгэрхаан сумын нутагт байх рашаан манай тарвасны талбайгаар урсдаг. Тэгэхээр шүүслэг амт чанар сайтай юм. Ямар нэгэн химийн бордоогүй. 1кг нь 1500 төгрөгийн үнэтэйгээр худалдаалж байна” гэлээ.



  Харсан л бол хажуугаар нь зүгээр өнгөрч үл чадах өнгөлөг ургамлуудтай асар хамгийн их анхаарал татав. Энэ бол Сүхбаатар дүүргийн 16-р хорооны өрхийн тариаланч Б.Болормаагийн "сувинер нь хулуунууд" байлаа. Тэр хэлэхдээ “Манайх 50 нэр төрлийн ногоог 380 метр талбай бүхий  өөрийн хашаандаа тарьсан. Үүнээс янз бүрийн хэлбэр дүрс бүхий сувинер нь хулуунуудын тарьсан. Ихэвчлэн нарийн ногоо тарьдаг.  26 дахь жилдээ хашаандаа ногоо тарьж байгаа. Мөн би Сүхбаатар дүүрэгтээ 12 удаа аварга ногоочин болж байсан. Залуучууддаа хандаж хэлэхэд газар хэзээ ч багаддаггүй юм шүү. Ганцхан метр газар байсан ч тэнд хэдхэн ширхэг лууван тарьчихвал ядаж л хүүхэд тань ажилд сурна. Хүнсний ногоог яаж ургуулах наад захын мэдлэгтэй болно. Заавал захаас ногоо худалдаж идэх биш өөрсдийнхөө тарьсан ногоог идвэл санхүүгийн хувьд ч, эрүүл мэнд талаасаа ч хэрэгтэй. Гэр хороолол гэхээр л муухай заваан орчин гэж ойлгох хэрэггүй. Харин ч гэр хороололд тав тухтай ногоон орчныг бий болгоод сайхан амьдрах боломж байдаг” хэмээв.


  

 

 

Монгол орны минь өргөн уудам нутаг дэвсгэрт өөрсдийн  хөдөлмөр зүтгэлээрээ хайраа шингээн тарьсан, Хараа булааж, хамар цоргиулам, Уруул дурлаж, удаан саатмаар үзэсгэлэн худалдааны сонин сайхнаас өчүүхэн би ингэж дүрслэв. Өшөө илүүг бодитоор нь та хараарай.

    Үзэсгэлэн худалдаа 2019 оны 9-р сарын 18-24 ны өдрүүдэд Мишээл Экспо төвд болох юм байна. Гэр бүлдээ хайртай, эрүүл хүнс хэрэглүүлэхийг зорьсон хүн бүрд үзэсгэлэнгийн үүд хаалга нээлттэй байх юм.

Л.Энхцэцэг




Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

иргэн - 202.126.89.1792019-09-22 18:32:55

Сайхан бичжээ

зочин - 202.126.89.1792019-09-22 18:30:14

заавал очиж үзнэ

Воов - 124.158.111.105Уржигдар

Ямар гоё юм бэ амралтын өдрөөр очноо хятад ногоо авснаас монгол ногоогоо авнаа их хөөрхөн дүрсэлж бичжээ

Ganaa - 66.181.161.22Уржигдар

saihaan saihan

Zochin - 202.179.27.212Уржигдар

Ovliin vitaminaa beldej avaarai

Zochin - 202.179.27.212Уржигдар

Ovliin vitaminaa beldej avaarai

Zochin - 202.179.27.212Уржигдар

Ovliin vitaminaa beldej avaarai

Zochin - 202.179.27.212Уржигдар

Ovliin vitaminaa beldej avaarai

Zochin - 202.179.27.212Уржигдар

Ovliin vitaminaa beldej avaarai

Zochin - 202.179.27.212Уржигдар

Ovliin vitaminaa beldej avaarai

mongol - 202.179.27.212Уржигдар

Очиж үзмээр санагдлаа