Зорилтот бүлгийн 6 гэр бүл өргөө цагаан гэртэй боллоо

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар Дэлхийн Зөн Олон Улсын байгууллага тай хамтран 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр дүүргийн зорилтот бүлгийн 6 гэр бүлийг өөрийн гэсэн өргөө цагаан гэртэй болголоо.

Дүүргийн 9 дүгээр хорооны иргэн Б.Батжаргал нь эхнэр, гурван хүүхдийн хамт амьдардаг бөгөөд хөлсний хашаанд гэр түрээслэн амьдарч ирсэн нэгэн. 12 дугаар хорооны иргэн С.Хишигмаа, П.Бат-Эрдэнэ, О.Ганзориг нар 1-5 насны хүүхдүүдтэй бөгөөд өөрийн гэсэн орон гэргүй, олон жил айлын хашаанд хамаатан садангийнхаа хамт түрээсийн гэрт амьдарч байсан.

Мөн 13 дугаар хорооны иргэн Д.Пүрэвцэцэг, А.Хосбаяр нар 1-5 насны 5 хүүхэдтэй бөгөөд бага насны хүүхэдтэй болохоор хөдөлмөр эрхлэх боломж хязгаарагдмал орлогын эх үүсвэр багатай, олсон орлого нь гэр бүлийн хэрэгцээнд хүрэлцдэггүй байсан.

Өргөө цагийг гэрийг Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан болон Дэлхийн Зөн Олон Улсын байгууллагын удирдлага, дүүргийн хэлтэс, албадын холбогдох албаныхан оролцож өргөө цагаан гэр батламжийн хамт гардуулан өглөө.

Иргэд халуун сэтгэлийн гараа сунгаж биднийг гэр бүлээрээ аз жаргалтай амьдрах нөхцлийг бүрдүүлж, өөрийн гэсэн өргөө цагаан гэртэй болгож өгсөн та бүхэнд  туйлын баярлалаа хэмээн талархал дэвшүүллээ.

Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.

Сэтгэгдэл бичих