51 гишүүн гарын үсэг зурвал УИХ тарна

УИХ-ын зарим гишүүдийн жиргэснээр УИХ-ыг тараахаар намын удирдлагаас дэмжиж цаашлаад намын Ерөнхий нарийн бичгийн дарга нь гарын үсэг зуруулах ажлыг зохион байгуулж байгаа юм байна.

УИХ-ыг тараахыг тус намын залуу гишүүд дэмжиж байгаа бол зарим ахмад гишүүд нь “нам булшлах гэлээ” хэмээн саналаасаа буцахыг тулгаж байгаа аж. Энэ талаар нам болон бүлгээс тодорхой мэдээлэл өгч, байр сууриа илэрхийлээгүй байгаа бол УИХ-ын дарга Г.Занданшатар ”УИХ-ыг тарааж ээлжит бус сонгууль явуулах асуудал яригдаж байгаа” хэмээн мэдэгдсэн.

Үндсэн хууль зааснаар УИХ-ын нийт гишүүдийн гуравны хоёр буюу 51-ээс дээш гишүүн нэгдэж УИХ-ыг тараах тогтоолын төсөл өргөн баривал УИХ тарах бөгөөд тогтоолын төсөл өргөн барьсан тохиолдолд ажлын долоо хоногийн дотор хэлэлцэж, хэлэлцэж эхэлснээс долоо хоногт багтаан эцэслэн шийдвэрлэх дэгтэй.

Хэрвээ УИХ тарахыг гишүүдийн олонхи дэмжвэл тэд дараагийн УИХ-ын сонгуулийг товлон зарлана. Тэр нь УИХ-ын ээлжит бус чуулган бөгөөд санал авахаас 45-аас доошгүй хоногийн өмнө товлох хуультай юм. Дашрамд дурдахад, Ерөнхийлөгчийн зүгээс энэ УИХ-ыг хугацаанаасаа өмнө тарахыг хоёр удаа чуулганы хуралдаан дээр мэдэгдэж, нэг удаа тараах саналаа УИХ-ын даргад албан ёсоор хүргүүлсэн билээ. Мөн АН-ынхан болон УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Ж.Бат-Эрдэнэ, Х.Нямбаатар, Д.Хаянхярваа, Г.Тэмүүлэн нарын 20 орчим гишүүн УИХ-ыг тараахаар гарын үсэг зурж байсан удаатай.

Сэтгэгдэл бичих