Орос, Хятадын худалдааны эргэлтийг 200 тэрбум долларт хүргэнэ гэв


Санкт-Петербург хотноо болж буй Орос, Хятадын Засгийн газрын тэргүүн нарын 24 дахь уулзалтын өргөн бүрэлдэхүүнтэй хуралдаан өчидөр болсон тухай “РИА Новости” агентлаг мэдээлж байна. 

Оросын Ерөнхий сайд Дмитрий Медведев хуралдааны үеэр мэдэгдэхдээ, “Хоёр тал худалдааны эргэлтээ 2020 он гэхэд 200 тэрбум ам.долларт хүргэх зорилт тавьж байна. Энэ хэмжээнд хүрэхийн тулд юуны түрүүнд эрчим хүч, аж үйлдвэр, өндөр технологи, хөдөө аж ахуйн салбарт хэд хэдэн хамтарсан төсөл хэрэгжүүлэхээр тохиролцлоо” гэжээ.

Манай улсын хоёр их хөршийн худалдааны эргэлт өнгөрсөн жил 108 ам.долларт хүрсэн аж.

Хятадын Ерөнхий сайд Ли Кецян үг хэлэхдээ, “Бээжин, Москвагийн харилцан хүндэтгэлтэй, эрх тэгш, улс төрийн итгэлцэлтэй стратегийн хамтын ажиллагаанд шинэ эрин эхэлж байна. Сүүлийн хэдэн арван жилийн турш хоёр орны харилцаа тогтвортой урагшилж, ямагт шинэ өндөрлөгт хүрсээр ирлээ. Өнөөгийн олон улсын амаргүй нөхцөл байдалд Орос, Хятадын хамтын ажиллагаа бүх дэлхийн тогтвортой байдлын баталгаа болж байна” гэжээ.

Энд тэмдэглэхэд, ирэх сарын 2-нд хоёр орон дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож байгаа билээ.

Н.Түвшин


Сэтгэгдэл бичих