Сурах хүсэл байвч "Сурах бичиггүй" сурагчид

    Шинэ хичээлийн жил эхлээд хэдийн жигдрэх шатандаа орсон. Гэтэл зарим нэг сургуулийн хүүхдүүд хичээл хийх хамгийн чухал найзыгаа  одоо болтол аваагүй байгаа гэнэ. 2019-2020 оны хичээлийн жилд нийт 650 орчим мянган хүүхэд Ерөнхий боловсролын сургуульд суралцах урьдчилсан статистикийг гаргажээ. Тэгвэл өнөөдрийн байдлаар нийт сурагчдын 60 орчим хувь нь  үнэ төлбөргүй сурах бичгээ ашиглаж байгаа бол үлдсэн сурагчид сурах бичиггүй байгаа юм. 

 Энэ жилээс эхлэн сурах бичгийг номын сангаар дамжуулан сурагчдад түрээслэх шийдвэрийг БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг гаргасан. Одоогоор санхүүжүүлэгч олон улсын байгууллага болох Азийн хөгжлийн банкны  зөвшөөрлийг хүлээж байгаа аж. Тиймээс сурах бичиг хэвлэх ажил эхлэлгүй удааширч буйг салбар яамны мэргэжилтнүүд тайлбарласан юм.

    Салбар яамнаас сурах бичиг хэвлэх гурван тендерийг долдугаар сард зарлаж, наймдугаар сард үнэлгээ хийсэн байна.  Ингээд  “найман тэрбум” төгрөгийн санхүүжилтийг Азийн хөгжлийн банкнаас гаргахаар болжээ. Азийн хөгжлийн банкнаас БСШУСЯ-ын зохион байгуулсан  тендер шалгаруулалтыг хянаж зөвшөөрөл олгох ёстой. Тиймээс  санхүүжүүлэгч байгууллагын хариуг хүлээж байгаа гэнэ.

БСШУЯ-ны зүгээс сурах бичгийн хэвлэлт удаарширч буйн шалтгаан нь “Азийн хөгжлийн банкнаас өөрийн тавьдаг шаардлагадаа нийцүүлэх үүднээс хоорондоо дахин хэлэлцэж, ярилцах зүйл олон  гарч байна. Сурах бичиг хэвлэх тендерийг шалгаруулсан ч санхүүжүүлэгч байгууллага хянаж, шалгах ёстой. Тэгэхээр Азийн хөгжлийн банкны зөвшөөрөл авах эрхийг хүлээж байна. Салбар яамны зүгээс хичээлийн шинэ жил эхэлсэн учраас яаралтай сурах бичгээ хэвлэх хоног хугацааг нь наашлуулах боломж байна уу гэдэг хүсэлтийг тавьж байна" гэсэн тайлбарыг өглөө.

    Мөн шалгаруулалтын явц, дүнг Азийн хөгжлийн банкнаас хянаж байгаа учраас тендерт шалгарсан компанийн нэрсийг  нууцлаад "Улсын төсвийн хөрөнгөөр хэвлэн нийлүүлэх ажлыг салбар яамнаас зохион байгуулж, энэ жилийн хувьд 1-12 дугаар ангийн нөхөн хангалтын бүх сурах бичгийг 3.6 тэрбум төгрөгөөр хэвлэн нийлүүлсэн. Сурагчдын тооны өсөлт, сурах бичгийн элэгдэл хорогдлыг тооцож, сурах бичгийг дахин хэвлэх шаардлага жил бүр гардаг" гэлээ.

Сурагчдад сурах бичгийг түрээсээр олгох болсон ч бага ангийн сурагчдын сурах бичгийг улсаас 100 хувь хангадаг хэвээр гэнэ.  Мөн дунд болон ахлах ангийн сурагчдын амьжиргааны төвшинг харгалзан 40 хувь нь үнэ төлбөргүй сурах бичгээ ашиглах боломжтой ажээ. Харин номын дэлгүүрүүдээс сурах бичгээ худалдан авдаг, үлдсэн 60 хувь буюу 181 мянган сурагчид сурах бичгээ түрээслэхээр болсон байна.

    Уг нь бол 2009 оноос эхлэн бага ангийн сурах бичгийг 100 хувь, дунд болон ахлах ангийн сурах бичгийн 40 хувийг төрөөс үнэ төлбөргүй хангаж ирсэн. Тухайн сургуулиас нь нийгмийн зорилтот бүлгийн сурагчдаа тодорхойлоод, сурах бичгийг үнэ төлбөргүй ашиглуулж, үлдсэн 60 хувь нь зах зээл дээрээс сурах бичгээ худалдан авдаг  байсан. Сурах бичгийг 2009 оноос хойш 1200-5000 төгрөгийн үнэтэйгээр худалдаалсаар ирсэн. Дунд болон ахлах ангийн нэг сурагч бүх хичээлийн сурах бичгээ худалдан авах юм бол 50-60 мянган төгрөг л болно. Сурах бичгийг зах зээл дээр худалдаалахаар номын бизнес эрхлэгчид үнэ нэмж, дамлан худалдах, сурах бичгийн зохиомол хомсдол үүсгэсэнээс болж эцэг, эхчүүд сурах бичиг дэндүү үнэтэй байна хэмээн хүүхдэдээ номыг нь авч өгөхөөс цааргалдаг хэмээн холбогдох яамныхан хэлж байлаа.

    Харин түрээсийн сурах бичгийн төлбөр тухайн сурах бичгийн үнийн 40 хувиас хэтрэхгүй байхаар тусгасан байна. Өөрөөр хэлбэл, 1200 төгрөгийн сурах бичгийг номын сангаас авч ашиглахдаа 500 орчим төгрөг төлнө гэсэн үг. Яагаад номны үнийн 40 хувиас хэтрэхгүй үнээр түрээслэхээр болсон бэ гэхээр эхний жил сурагчид цоо шинэ сурах бичиг ашиглана. Тиймээс ирэх намар сурагчид 40 хувиас буурч, 36 хувьтай тэнцэх үнээр, дөрөв дэх жилээс 20 хувь хүртэл буурах буюу ашигласан хугацаанаасаа хамаарч төлбөрийн хэмжээ харилцан адилгүй тогтдог аж.

Тэгэхлээр номын дэлгүүрүүдээр 8000-15000 төгрөгийн үнэтэй зарагдаж буй сурах бичгүүд үйлдвэрээс гарсан үнээс хэд дахин нэмэгдэлтэйгээр зарагддаг гэсэн үг юм. Номтой нөхөрлөөч гээд л байдаг. Нөхөрлөх ном нь үнэтэй дээрээс нь тоотой болохоор яах ч билээ......

Л.Энхцэцэг

Сэтгэгдэл бичих