“Би хариуцлагатай аав ээж” аян эхэллээ

Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас санаачлан “Би хариуцлагатай аав ээж” жилийн аяны нээлтийн үйл ажиллагааг өнөөдөр “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-д зохион байгууллаа.

 “Би хариуцлагатай аав ээж” аян нь: 

  1. Төрийн болон аж ахуйн нэгж байгууллагуудыг хүүхэд хамгааллын бодлоготой болгох,
  2. Эцэг эхийн зөвлөлийн үйл ажиллагааг идэвхжүүлэх,
  3. Байгууллагын ажилтан албан хаагчдаар дамжуулан гэр бүл, нийгмийн хүрээнд хүүхдийн аюулгүй байдлыг хангах,
  4. Хүүхэдтэй зүй бус харилцах, хүүхдийн эсрэг хүчирхийлэл, хүүхдийг эрсдэлт нөхцөлд орохоос урьдчилан сэргийлэх, хамгаалахад эцэг эхийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэхийг уриалах, сурталчлах зорилготой байна. 

Мөн тус аян нь хоёр дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулагдаж буй аж.  

Тодруулбал, 2018 онд “Би хариуцлагатай аав ээж” аяныг 2018.04.01-07.01 хүртэлх хугацаанд зарлан оюутны ур чадварын “Дэвжээ” тэмцээн, “Би хариуцлагатай аав, ээж” нийслэлийн зөвлөгөөн, “Манай хороо - Хүчирхийлэлгүй хороо” эсээ бичлэгийн уралдаан гэсэн гурван нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж, хоёр нэвтрүүлэг хийж олон нийтэд хүргэжээ. 

 

Харин энэ жилийн аян нь 2019 оны долоодугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны долоодугаар сарын 01-ний өдөр хүртэл бүтэн жил үргэлжлэх юм. 

Түүнчлэн нийслэлийн төр захиргааны 87 байгууллагын эцэг эхийн зөвлөлийн төлөөлөл, 152 хорооны хамтарсан багийн гишүүдийн төлөөлөл, Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн эцэг эхийн зөвлөлийн гишүүд, хүүхдийн төлөө үйл ажиллагаа явуулдаг 15 аж ахуй нэгж, ТББ, их, дээд сургуулийн оюутнууд, хэвлэл мэдээллийн байгууллагуудыг хамруулан зохион байгуулж байгаагаараа онцлогтой.

 

Нээлтийн үйл ажиллагаанд Нийслэлийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг ГБХЗХГ-ын Залуучуудын хөгжлийн газрын дарга О.Сэлэнгэ, НЗД –ын хэрэгжүүлэгч агентлаг НГБХЗХГ –ын дарга Ө.Ган-Өлзий, НЦУГ –ын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Цагдаагийн хурандаа Б. Батзориг, НЗД–ын хэрэгжүүлэгч агентлаг НБГ –ын орлогч дарга Ц.Отгончимэг нар болон Нийслэлийн гэр бүлийн “Хүндэт элч” Ч. Уранхолбоо, Нюанс хамтлаг, Монголын хүүхдийн ордны авьяаслаг хүүхдүүд оролцлоо.

 

 

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Сэтгэгдэл бичих