ЭМДЕГ-ын дарга Ч.Алтанхуяг нарыг суллах, ЗТЯ-ны газрын даргыг үргэлжлүүлэн хорих шийдвэр гарлаа

    Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх прокуророос ирсэн хоёр саналыг өнөөдөр хэлэлцжээ.

Тодруулбал, Нийслэлийн Прокурорын газраас Д.Доржхандыг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах санал ирсэнийг хэвээр баталж шийдвэрлэлээ.

Харин Ч.Алтанхуяг, н.Баярхүү нарыг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг үндэслэл бүхий баримт тогтоогдохгүй байна гэж үзэн хэрэгсэхгүй болгож тэдэнд Монгол Улсын хилээр гарахгүй байх хязгаарлалт тогтоож, тодорхой хүмүүстэй уулзахгүй байх таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэлээ гэж Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс мэдээлээ.

Зам, тээврийн хөгжлийн яамны Авто замын тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Доржхандын тухайд замын тендерийн сонгон шалгаруулалтад хууль бусаар нөлөөлсөн байж болзошгүй үндэслэлээр шалгаж, баривчилсан бол ЭМДЕГ-ын дарга Ч.Алтанхуяг болон удирдлагын шатны хоёр хүнийг сэжигтнээр тооцон баривчилсан тухай АТГ-аас мэдээлж байв.

Сэтгэгдэл бичих