Багануур дүүрэгт 850 хүний суудалтай Соёлын ордныг барина

    Багануур дүүрэгт 850 хүний суудалтай Соёлын ордныг барих барилгын ажлыг эхлүүлсэн байна. Анх 2012 онд тус Соёлын ордныг барих саналыг гаргаж байсан ч тодорхой шалтгаануудаар хойшилсоор иржээ. Тус Соёлын ордны барилгын ажлыг “ЭН-АР” ХХК сонгон шалгаруулалтаар гүйцэтгэж байгаа ба одоогийн байдлаар барилгын суурь ухах ажил хийгдэж байна.  Тус ордны барилгын ажил нь он дамжигдан хийгдэх бөгөөд 2019 онд нэг тэрбум төгрөгийн ажил хийхээр төлөвлөжээ. Нийслэлийн төсвөөс санхүүжилтийг гаргах ба 15 тэрбум төгрөгөөр босгох юм. Соёлын ордныг 2021 онд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.


    Багануур дүүргийн Соёлын ордны захирал Ш.Ганцэцэг “Манай дүүргийн одоогийн театр нь 350 хүний суудалтай. Энэ театртаа урлаг соёлын үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж ирсэн. Гэвч 30.000 хүн амтай Багануур дүүргийн хүн амыг үзвэр үйлчилгээгээр хангахад хүрэлцээ муутай болж байгаа. Ихэнх аймгууд орчин үеийн стандартад нийцсэн Соёлын ордонтойгоор үйл ажиллагаа явуулдаг. Гэтэл манай дүүрэг нь аймгуудын хүн амтай дүйцэх оршин суугчидтай болсон. Хүн амын тоо ихэссэн зэргээс үүдэн Соёлын ордныг барьж байгуулах шаардлагатай болсон” гэлээ.

    Багануур дүүргийн соёлын ордон нь нийт 40 орчим хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа явуулж байна. Одоогийн Соёлын ордонд кино театр, соёл урлагийн үйл ажиллагаа, музей, Их зохиолч Д.Нацагдоржийн нэрэмжит нийтийн номын сан ажиллаж, иргэд хөдөлмөрчдөд нэг дороос интернэтийн бүх төрлийн үйлчилгээ үзүүлж иржээ. Шинэ соёлын ордон ашиглалтад орсноор дээрх үйл ажиллагааг өргөн хүрээнд явуулж, соёлын ордноор  үйлчлүүлэх үйлчлүүлэгчдийн хамрах хүрээг өргөтгөн соёл урлагийн чиглэлээр хүүхэд багачуудын хөгжих төлөвшихөд нь хөрөнгө оруулалт хийж, соёл урлагийн мэдрэмжийг дээшлүүлэх, соён гэгээрүүлэх ажлыг өргөн хүрээнд явуулах боломж бүрдэх аж.


Сэтгэгдэл бичих