"Худаг" хүүхдүүдийн очих дуртай газар болов

    Улаанбаатар хотын ихэнх хувийг гэр хороолол эзэлдэг. Аюулгүй орчин сайхан орчин. Энэ л үг гэр хороололд амьдарч байгаа хүүхдүүдэд дутагдах мэт. Хүүхдүүд гэрээсээ гараад тоглоход дайрах нь холгүй машинууд,   айлгаж хуцах ноход, шороо тоос гээд дурдвал асуудал олон. Навтгар байшин, банзан хашаа, үзэмж муутайхан гүний худгууд, усны тэрэгтэй хүүхдүүд гэр хороололд ажиглагдана.Бидний хүүхэд насны дурсамж энэ газар л өрнөсөн. Гэхдээ орчин үед гэр хороолол гэдэг бол аюулгүй орчин биш болсон.

    Харин Creative Motion” ХХК-иас хүүхдүүдийн амьдрах орчинг илүү гэгээлэг болгож, урлагаар дамжуулан аливаад эерэгээр хандах сэтгэл зүйг бүрдүүлэх зорилготой “Солонгон бүрхүүл” нэртэй аяныг зохион байгуулж байгаа гэнэ. “Гэр хороололд өнгө нэмье” уриатай уг аяны хүрээнд нийт 15 уран бүтээлч өөрсдийн онцлогийг харуулсан бүтээлүүдээ гүний худгууд дээр зуржээ. Зургууд нь хүүхдэд хүсэл мөрөөдлийнхөө төлөө тууштай байх эерэг санаа өгөх төдийгүй хүүхдийн дотоод ертөнц рүү чиглэсэн сэдэвтэй байх бөгөөд, гэгээлэг тод өнгүүдээр хослуулан будсан нь үнэхээр нүд алдам. Энэхүү аянаар дамжуулан гэр хорооллын бүсэд амьдардаг хүүхдүүдэд өнгөлөг орчинг бий болгож өгөхөөс гадна гоозүйн мэдрэмж суулгахад чиглэсэн байна.

    Өнгөрсөн хагассайн өдөр буюу есдүгээр сарын 7-нд  “Солонгон бүрхүүл” хүүхдэд зориулсан аяны нээлт болсон. Энэ үеэр уг төслийг сайн дураараа дэмжин оролцож буй Монголын шилдэг стрийт артистууд нийлэн Чингэлтэй дүүргийн 128-р худаг дээр өөрсдийн зохиомжийг зурсан юм. Ийнхүү тав дахь байршилд бүтээлээ туурвиж дуусгасан уран бүтээлчид маань дахин дөрвөн худгийг өнгөлөг болгохоор ажиллаж байгаа юм. Уг аян өнгөрөгч наймдугаар сарын 24-нд эхэлсэн бөгөөд аравдугаар сарын 1-нийг хүртэл үргэлжилхээр төлөвлөжээ.



    “Creative Motion” төсөл хэрэгжүүлэгч агентлагийн захирал Б.Шинэбилэг “Бид дандаа гэр хорооллын худгууд дээр уран бүтээлээ туурвиж байгаа. Хүн бүрийн очиж ундны хэрэгцээний усаа авдаг цэг гэдэг утгаар сонгосон. Учир нь гэр хороолын хүүхдүүд ихэвчлэн усанд явдаг. Амралтын өдөр бараг л худгийн хажууд өнждөг гэхэд болно. Бид Ус сувгийн удирдах газраас зөвшөөрөл авсны дагуу худгийн байрнууд дээр зохиомж бүхий зургуудаа зурж байна. Мөн сэтгэл заслын арт терапи аргыг ашиглан уран бүтээлийнхээ өнгө, будгаа сонгож байна. Энэ зургийг харсан хүүхэд сэтгэл зүйн эерэг, гэгээлэг зүйлийг мэдрэхээс гадна хорт зуршилд уруу татагдахгүй. Бусдыг даган дуурайх хэв шинжийнхээ насан дээр явж буй өсвөр насны хүүхдүүдэд эерэгээр нөлөөлнө гэж найдаж байна. Ирэх жил хүрээгээ тэлж, илүү олон байршилд ийм үйл ажиллагаа зохион байгуулна“ гэв. Тэрбээр зураг зурж буй ах эгч нарийнхаа хажууд эхнээс нь дуустал нь сонирхох хүүхдүүд ихэд баяртай харагдана.

 Гэр хороололд өнгө нэмэх энэ санаачилгыг “Худалдаа хөгжлийн банк”, “Circle K” дэлгүүр, “Миг Даатгал” ХХК, “Club coworking space” гэх зэрэг газарууд дэмжин ажиллаж буй юм.


Артист М.Болдбаяр “Хүүхдэд зориулсан сайн аян тул бүгдээрээ нэгдэж оролцохоор болсон. Хүүхэд бол бидний ирээдүй. Бид нийгэмдээ ямар нэгэн хариуцлагатай зүйл хийхийг хүссэн. Уран бүтээлчид графитти зургаар олон санаа илэрхийлдэг. Энэ төсөл маань “Солонгон бүрхүүл” нэртэй. Тиймээс Чингэлтэй дүүргийн энэ худгийг солонгын долоон өнгөөр тойруулж будсан. Үүн дээр бид өөрсдийн онцлогийг харуулсан, аль болох гэгээлэг зургуудыг зурж байна. Ямар ч хүн хажуугаар зөрсөн өнгөлөг байхаас гадна эерэг сэтгэгдэл төрүүлдэг байх хэрэгтэй. Цаашид энэ ажил үргэлжилнэ гэж найдаж байна” гэлээ.

Ийнхүү стрийт артистуудын хүмүүст аз жаргал, гэрэл гэгээг бэлэглэсэн өнгөлөг бүтээлүүд гэр хорооллын худгуудыг чимсээр. 


Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

Иргэн - 172.58.137.1271 цагийн өмнө

Залуустаа баярлалаа. Сайхан санаачлага гаргажээ. Нэг ч гэсэн байшин барилга өнгөлөг байг

+№ - 202.9.45.7516 цагийн өмнө

өвөлдөө бяцхан мөсөн гулгуурын талбай бий болгочивол болчих юм бна даа_ оочерлож байхдаа тоглон биз

хөөх - 59.153.87.5317 цагийн өмнө

энэ их зөв санаачилга болсон бн шүү амжилт залуусаа сайхан зүйл бүхэн тэргүүлж байг. Гоё харагдаж байна хүүхдүүд ч баяртай бгаа бхдаа. Өшөө олон газар ингэж хийгээсэй. Хийж бүтээж буй залуусаа дэмжээд өгмөөр л бгаа юм энэ төр. амжилт2 сайтууд ч гэсэн иймэрхүү сайхан мэдээллүүдийг түрүүлж хүргэж байвал зүгээр шүү

Googoo - 66.181.161.12521 цагийн өмнө

Goy goy

Googoo - 66.181.161.12521 цагийн өмнө

Goy goy

zochin - 202.179.25.11221 цагийн өмнө

ямар хөөрхөн юм бэ