Дэлхийн жишигт нийцсэн Метал хийц боловсруулах төвийг Вагнер Ази Монголд нээлээ

    Вагнер Ази Тоног Төхөөрөмж ХХК нь бүтээгдэхүүн дэмжих үйлчилгээнийхээ төрлийг шинээр нэмж “Метал Хийц Боловсруулах Төв”-ийг ашиглалтад оруулж, нээлтийн үйл ажиллагаа 9-р сарын 10-ны өдөр болж өндөрлөлөө. Катерпилларын стандарт шаардлагын дагуух бүтээгдэхүүн үйлчилгээг тус төвд санал болгож байна. Метал хийц боловсруулах төв нь хүнд машин механизмын эд анги болон жижиг хэсгүүдийг хамгийн сүүлийн үеийн тоон болон автомат удирдлага бүхий тоног төхөөрөмжөөр сэргээн засварлах юм. Одоогийн байдлаар тус төвд зорох, өнгөлөх, өрөмдөх, нүх, ховил гаргах, зүсэлт хийх зэрэг долоон машин суурилагдсан. Ингэснээр чанарын өндөр түвшний үйлчилгээг харилцагчиддаа үзүүлээд зогсохгүй, сэлбэг захиалж цаг хугацаа алдахгүй, зардлыг бууруулах зэрэг олон давуу талуудтай. Нээлтийн үйл ажиллагаанд уул уурхай, барилга, хүнд машин механизмын нийт 400 орчим харилцагч, төлөөлөгчид болон Катерпилларын Ази Номхон Далайн бүс нутгийн менежерүүд хүрэлцэн ирж оролцлоо.

    Өнгөрөгч жил Вагнер Ази Тоног Төхөөрөмж компани нь Агрегат үйлдвэрлэлийн төвийн үүд хаалгыг нээж Уул уурхай, барилга байгуулалтын гол зэвсэг болох САТ машиныг Монголд бүрэн засварлах боломжтой болсон бол одоо ихэнх метал хийцийн сэлбэгүүдийг өөрсдийн роботжсон тоног төхөөрөмжөөр бүрэн засварлан, шинэчлэх боломжтой боллоо.

_L7A6901

    Уг арга хэмжээний үеэр Багануур, Өсөх зоос, Монгол Майнинг Эксплорэйшн зэрэг 6 компанитай 38.5 тэрбум төгрөгний хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.

    Вагнер Ази Тоног Төхөөрөмж ХХК нь 1996 оноос хойш 22 дахь жилдээ Монгол Улсад Тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд Монгол улсын топ 100 аж ахуй нэгжийн 17-д эрэмбэлэгдэж байна. Вагнер Ази Тоног Төхөөрөмж ХХК нь барилга, уул уурхай, зам дэд бүтцийн хүнд даацын тоног төхөөрөмж үйлдвэрлэгч дэлхийн хамгийн том үндэстэн дамнасан Америкийн CATERPILLAR корпорацын Монгол дахь цорын ганц дилер бөгөөд худалдаа, засвар үйлчилгээ, сэлбэгийн бэлэн байдал, санхүүгийн шийдэл, бүтээгдэхүүн дэмжих үйл ажиллагаа зэрэг иж бүрэн цогц үйлчилгээг харилцагчиддаа тогтвортой хүргэж байна.

_L7A7012

Сэтгэгдэл бичих