Монголбанкны шинэ байрыг барих компаниар “Хурд” группийг сонгохдоо хууль зөрчөөгүй гэв

    Монголбанкны удирдлагууд өнөөдөр хэвлэлийн бага хурал зарласан юм. Энэ үеэр  сэтгүүлчид юун түрүүнд Үндэсний цахим гүйлгээний төвийн барилгын ажлын талаар тодруулав.  

    16 давхар барилгыг Санхүүгийн зохицуулах хорооны ард, зэрэгцүүлэн барьж байна. Энэ барилгын ерөнхий гүйцэтгэгчээр УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн эзэмшдэг барилгын компани барьж байгаа юм. Ингэхдээ нээлттэй дуудлага худалдаа зарлаагүй. Тусгай зориулалтын барилга барьсан туршлагатай 13 компанид хандахад 6 нь үнийн саналаа ирүүлжээ. Тэд 20-70 тэрбум төгрөгийн өртгөөр үндэсний цахим гүйлгээний төв барих санал ирүүлжээ.

    Монголбанкны дэргэд байгуулагдсан Үнэлгээний хороо саналыг судлаад үнээс гадна ямар хугацаанд барих, өмнө нь тусгай зориулалтын барилгууд барьсан эсэх зэргийг харгалзан, УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн эзэмшдэг “Хурд” группийг сонгон шалгаруулжээ. Тус компани Хаан, ХХБ-ны төв байрыг барьсан туршлагатай гэж Монголбанкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн тайлбарлав.

    Монголбанк АХБ-ны 25 сая ам.долларын санхүүжилтээр Төлбөрийн системийн шинэчлэл төслийг хэрэгжүүлж байгаа юм. Энэ төслийн хүрээнд Монголбанкны Үндэсний цахим гүйлгээний төвийг шинээр барих шаардлага үүсжээ. Одоо Монголбанканд 400 орчим ажилтан ажилладаг. Байр хангалтгүй. Мөн цахим гүйлгээг аюулгүй орчинд, хурдан шуурхай гүйцэтгэхийн тулд зориулалтын байранд үйл ажиллагаа явуулах шаардлага үүссэн байна.   

Үндэсний цахим гүйлгээний төвийг орчин үеийн дата төвийн барилгын жишигт нийцүүлэн бариулж байгаа тул тусгай зориулалтын барилгад тооцогддог юм байна.

Сэтгэгдэл бичих