Тагнуулч Олег Смоленков Америк дахь гэрээсээ зугтжээ


Оросын Ерөнхийлөгчийн тамгын газрын ажилтан асан Олег Смоленковыг олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр Америкийн талд ажиллаж байсан тагнуулч гэж таамаглаж эхэлсэн билээ.

Тэгвэл өчигдөр “Daily Beast” сонины сурвалжлагч түүнтэй уулзахаар ирэнгүүт тэрээр Америкийн Виржини мужийн Стаффорд хот дахь байшингаасаа гэр бүлээрээ хоёр машинд суугаад зугтсан тухай хөрш зэргэлдээ байшингийн Грег Талли гэгч “РИА Новости” агентлагт хэлсэн байна. 

“CNN” агентлаг хоёр өдрийн өмнө мэдээлэхдээ, 2017 онд Доналд Трампын Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавровтой хийсэн уулзалтын дараа АНУ Москвагаас маш их зүйл мэддэг тагнуулчаа яаралтай гаргаж авсан гэсэн юм. Учир нь АНУ-ын Тагнуулын төв газар Доналд Трампыг яриандаа тагнуулчийг санаандгүй илчилсэн байж болзошгүй гэж үзжээ.  

Үүний дараа тэрхүү тагнуулч нь Олег Смоленков байсан байж болзошгүй тухай мэдээллүүд гарч эхэлсэн юм. Тэрээр 2017 онд гэр бүлээрээ Монтенегро руу амрахаар яваад эргэж ирэлгүй сураггүй алга болжээ. Сэтгүүлчид 2018 онд Смоленков овогтой хүн АНУ-ын Стаффорд хотноо байшин худалдаж авсныг илрүүлээд удаагүй байсан билээ.

Н.Түвшин


Сэтгэгдэл бичих