Метан хийн төсөл томоохон хотуудын дулааны шинэ эх үүсвэр болох найдвар төрүүлж байгаа гэв

Стратегийн орд газруудад төрийн төлөөллийг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй “Эрдэнэс Монгол” компани эдийн засгийг төрөлжүүлэхийн тулд хэд хэдэн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж буйгаа “Coal Mongolia-2019” чуулга уулзалтад оролцогчдод танилцууллаа.  “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Захиргаа, хүний нөөц хариуцсан дэд захирал Н.Лхагвабаатар компанийн хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийг гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад танилцуулсан.

Монгол Улс дахь ган төмөрлөгийн өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээг хангах, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилгоор Кокс, ган төмөрлөгийн цогцолбор үйлдвэрийн төслийг тус компани  санаачилсан гэдгийг хэлж байлаа. Төслийн ТЭЗҮ-ийг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл батлаад буй. 3.6 жилийн хугацаанд хэрэгжих уг цогцолбор жилд 500 мянган тонн кокс, 300 мянган тонн ган цувимал бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд коксын, ширэмний, ган хайлуулах үйлдвэр болон ган цувимал бүтээгдэхүүний үйлдвэр, бусад туслах үйлдвэрээс бүрдэнэ. Уг төслийг БНХАУ-ын SINOSTEEL компанитай “Эрдэнэс Стийл” компани хамтран хэрэгжүүлнэ. Өнгөрсөн дөрөвдүгээр сард Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын БНХАУ-д хийсэн айлчлалын үеэр дээрх хоёр компанийн хоорондын хамтын ажиллагааны ерөнхий хэлэлцээрийг баталгаажуулсан юм.

“Эрдэнэс Метан” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Амар нүүрсний давхаргын метан хийг эдийн засгийн эргэлтэд оруулах төслийг эхлүүлснийг  “Coal Mongolia-2019” чуулга уулзалтын үеэр танилцууллаа. Тэрбээр төслийн цар хүрээ, ач холбогдлын талаар илтгэхдээ “Австралийн “Жэйд Метан” компанитай Нүүрсний давхаргын метан хийн эрэл, хайгуулын хөрөнгө оруулалтын гэрээг өнгөрсөн тавдугаар сард үзэглэсэн. Өнөөдрийн байдлаар эрэл хайгуулын ажил үргэлжилж байна. Энэхүү төсөл нь Дархан, Эрдэнэт зэрэг томоохон хотуудын дулааны шинэ эх үүсвэр болох найдварыг төрүүлж буй бөгөөд импортыг орлох том үйлдвэрлэл хэмээн харж байна” гэв.

Үүнээс гадна төвийн бүсийн эрчим хүчний нүүрсний хэрэглээний дийлэнх хувийг хангадаг “Багануур” ХК-ийн Гүйцэтгэх захирал Э.Номинчулуун мөн “Coal Mongolia-2019” чуулга уулзалтад компанийн үйл ажиллагаа, хэтийн төлөвийн талаар танилцуулга хийлээ. “Багануур” ХК-ийн хувьд уурхайн техникийн шинэчлэл хийхээр ажиллаж байгаа аж.  Ингэснээр Улаанбаатар хотыг эрчим хүч, дулаанаар найдвартай, тасралтгүй хангах боломж бүрдэхийн зэрэгцээ уурхай үр ашигтай ажиллах боломжтой болох юм. 

Сэтгэгдэл бичих