Д.Тогтохсүрэн: Ард нийтийн санал асуулга явуулах тогтоолын төслийг хэлэлцэнэ

УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслөөр Ард нийтийн санал асуулга явуулахаар болсныг тус бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт нар мэдээлэв. 


Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлэлэг өчигдөр дууссан. Ингэхдээ Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн төсөл, саналыг УИХ-ын 62 гишүүний өргөн мэдүүлсэн төсөлтэй уялдуулж, нэгтгэсэн. Тодруулбал, Төслийн ажлын баг, Ерөнхийлөгчийн төсөл, санал, Төрийн байгуулалтын байнгын хорооноос нийт 150 орчим зарчмын зөрүүтэй саналын томъёоллыг нэг бүрчлэн санал хурааж шийдвэрлэсэн байна. 


УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, "Хоёр дахь хэлэлцүүлэгт гишүүдийн ирц сайн байсан. Төрийн байгуулалтын байнгын хорооноос 60 саналын томьёолол оруулснаас 34 зүйлийг нь дэмжсэн байна. Өнөөдрийн МАН-ын бүлгийн хуралдаанаар, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх, эсвэл Ард нийтийн санал асуулга явуулах асуудлыг хэлэлцлээ. Ингээд бүлгийн гишүүдийн олонхын саналаар Ард нийтийн санал асуулга явуулахаар шийдвэрлэсэн. 1945 оноос хойш анх удаа иргэдийн саналыг авах гэж байгаа нь энэ юм. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн асуудлыг шийдвэрлэх боломжийг ард түмэнд олгож байна. Тиймээс ирэх долоо хоногт Ард нийтийн санал асуулга явуулах тогтоолын төслийг хэлэлцэнэ" хэмээв. 


УИХ дахь ТББХ-ны дарга С.Бямбацогт, "Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгээр хэд хэдэн гол асуудлыг шийдвэрлэсэн. Тухайлбал, Монгол Улсын тусгаар тогтнолыг хөндсөн асуудлаар санал асуулга авахыг хориглосон. Энэ нь Монгол Улсын тусгаар тогтнолыг баталгааг хангах ач холбогдолтой заалт юм. Мөн байгалийн баялгийг төрийн нийтийн зориулалттай өмчийн асуудал болгон өөрчилж, ашиглахдаа ард иргэдээс асуух зохицуулалтыг олонх дэмжсэн байна. Түүнчлэн Дархан, Эрдэнэт болон 21 аймгийн төвийг хот болгох асуудлыг шийдэх боломжийг Үндсэн хуульд тусгахаар дэмжсэн.  Засгийн газрын дөрвөөс илүүгүй сайд давхар дээлтэй байх, УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах, хариуцлага тооцох саналыг мөн дэмжээд байна. Мөн УИХ-ын 39-өөс дээш гишүүний саналаар хууль баталдаг байхаар өөрчлөлтийг тусгасан" хэмээв. 




Сэтгэгдэл бичих