Саран дээр буух ёстой байсан Энэтхэгийн станцын холбоо тасарчээ

    Саран дээр буух ёстой байсан автомат ажиллагаатай, Энэтхэгийн "Викрам" станц холбоо тасарчээ. Долоодугаар сарын 22-нд сар руу хөөргөсөн "Чандраян-2" хөлгөөс салсан тус станц төлөвлөгөөний дагуу ажиллаж байсан ч сарны гадаргууд 2.1 км ойртон ирэх үед ажиллагаа нь доголджээ.

    "Викрам" станцын ажиллагаа саатаж удирдлагагүйгээр саран дээр унаж эвдэрсэн байх магадлалтай. Хэрэв тэгсэн бол Энэтхэгийн саран дээр буух гэсэн анхны оролдлого талаар болох юм. Энэтхэг улс 2008 оноос саран дээр буухаар эрчимтэй судалгаа хийж, хөрөнгө мөнгө зарцуулж байгаа бөгөөд саран дээр буусан дөрөв дэх орон /АНУ, ЗХУ, Хятад нарын дараа/ болохыг зорьж буй. 

    "Викрам" станцад юу тохиолдсоныг мэдэхийн тулд NASA-гийн "Lunnar Reconnaissance Orbiter" гэх сансрын станцыг ашиглаж болох ч зураг авч боловсруулахад нэг сар орчим хугацаа шаардах аж. Одоогоор Энэтхэгийн эрдэмтэд станцтайгаа холбоо тогтоож, юу болсныг мэдэхээр ажиллаж байна.

Сэтгэгдэл бичих