“РИА Новости”: Владимир Путин Монголд айлчилж байна


ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Монгол Улс дахь албан ёсны айлчлал өнөөдөр эхэллээ.

ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаков сэтгүүлчдэд хэлэхдээ, “Манай Ерөнхийлөгчийн Монголд хийж буй айлчлал Халх голын тулалдаанд ялалт байгуулсны 80 жилийн ойн арга хэмжээнд оролцоход зориулагдсан” гэсэн юм. 

Владимир Путин үерийн нөхөн сэргээх ажил үргэлжилж буй Эрхүү мужаас өчигдөр орой Монголд хүрэлцэн иржээ. Юрий Ушаковын мэдээлснээр Владимир Путин Монголын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгатай хоёр орны хамтын ажиллагаа, үүний дотор худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын харилцааг хөхүүлэн дэмжих явдлыг хэлэлцэх ажээ. 

Үүнээс гадна хоёр орны яриа хэлэлцээний үндсэн чиглэлүүдэд тээвэр, хөдөө аж ахуй, эрчим хүч, банк, энхийн атомын тал дээрх хамтын ажиллагаа орж байна. Хоёр орны худалдааны эргэлтийн 70 хувь нь хил залгаа харилцаанд ногддог тул хил орчмын хамтын ажиллагааг дэмжих гэрээ байгуулах ажээ.

Хоёр орны удирдагч түүнчлэн дэлхийн ба бүс нутгийн, үүний дотор НҮБ, Шанхайн хамтын ажиллагааны байгууллага, Хятадын хамт гурван талт талбарт үйл ажиллагаагаа харилцан уялдуулах асуудлыг хэлэлцэх юм.

Яриа хэлэлцээний үр дүнд хоёр орны удирдагч ОХУ, Монголын найрсаг харилцаа, бүх талын стратегийн түншлэлийн хугацаагүй гэрээг үзэглэхээр төлөвлөжээ.

Владимир Путин Халтмаагийн Баттулгыг ирэх жил болох Аугаа эх орны дайнд ялалт байгуулсны 75 жилийн ойн арга хэмжээнд төдийгүй энэ сарын 5-нд болох жүдогийн тэмцээнд урих ажээ.

Владимир Путин түүнчлэн Монголын УИХ-ын дарга Гомбожавын Занданшатар, Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх нартай уулзаж ярилцах юм. ОХУ-ын Ерөнхийлөгч Улаанбаатар дахь ЗХУ-ын жанжин Георгий Жуковын хөшөөнд цэцэг өргөн Халх голын ялалтад зориулсан хүлээн авалтад оролцох ажээ.

1939 оны тавдугаар сараас есдүгээр сар хүртэл үргэлжилсэн Халх голын тулалдаан ОХУ, Монголын нийтлэг түүхийн онцгой үйл явдал байжээ. Тулалдаанд ялалт байгуулсан нь Монголын газар нутгийн бүрэн бүтэн байдлыг дархалснаас гадна Японыг фашист Германтай хавсран ЗХУ-ын эсрэг дайтахаас сэрэмжилсэн юм.

Монгол Улс Аугаа эх орны дайны үед ЗХУ-д хоол хүнс, хувцас, танкийн ба онгоцны анги нэгтгэлүүд байгуулах мөнгөн тусламж үзүүлж байв. Түүнчлэн 1945 оны наймдугаар сард Японы Квантуны армийн эсрэг мөр зэрэгцэн тулалдсан билээ.

Н.Түвшин



путин монгол улсад зурган илэрцүүд





Сэтгэгдэл бичих