Польшийн Ерөнхийлөгч Анжей Дуда дэлхийн II дайны эмгэнэл хүн төрөлхтөнд сургамж болоогүйг тэмдэглэв

Польшийн Ерөнхийлөгч Анжей Дуда Варшав хотын төв талбайд дэлхийн түүхэнд дэх хамгийн хөнөөлт дайны эхийг тавьсан нацист Герман Польшийн бүгд найрамдах улс руу довтолсны 80 жилийн ойд зориулсан арга хэмжээнд үг хэлэхдээ, дэлхийн II дайны эмгэнэл хүн төрөлхтөнд сургамж бололгүй, үндэстэн ястнаар ялгаварлан аймаглан устгах геноцидын гэмт хэргүүд гарсаар буйг тэмдэглэжээ.

Тэрээр цааш нь үргэлжлүүлэхдээ, “80 жилийн өмнө эхэлсэн цэргийн мөргөлдөөн 50, зарим тооцоогоор бараг 80 сая хүний аминд хүрсэн гэх тоо бий. Зөвхөн тулалдаан байлдаанд бус өвчин эмгэг, өлсгөлөнгөөр олон сая хүн амиа алджээ. Энэ нь хүн төрөлхтний орчин үеийн түүхэнд хамгийн аймшигт үйл явдал болсон билээ. Үүнийг бид марталгүй, үргэлж санаж байх хэрэгтэй. Ингэхийн тулд өнөөдөр энд хамтдаа цугларагсан та бүхэнд талархаж байна” гэжээ.

Ойн арга хэмжээнд олон орны 250 орчим албаны хүн оролцсоноос Германы Ерөнхийлөгч Валтер Штайнмайер, Канцлер Ангела Меркелийн хамт, Америкийн дэд Ерөнхийлөгч Майкл Пенс, Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский нар иржээ. Тэднээс гадна Азербайжан, Албани, Беларусь, Бельги, Болгар, Унгар, Гүрж, Исланд, Их Британи, Латви, Люксембург, Мальт, Молдав, Монтенегро, Словак, Словени, Франц, Хорват, Чех зэрэг улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар оролцсон байна.

Харин тус арга хэмжээнд Оросыг уриагүйгээ Польшийн албаны хүмүүс тус улс 1939 оны есдүгээр сарын 1-нд дайнд хараахан оролцоогүй байснаар  тайлбарлажээ. Оросын тал Польшийн энэ шийдвэрт шүүмжлэлтэй хандаж, Польшийг нацист Германаас чөлөөлөхөд ЗХУ-ын 600 мянган цэрэг, офицер алтан амиа өргөснийг сануулсан байна.

Н.Түвшин 

Сэтгэгдэл бичих